Саяхан Ренди Пауш гэдэг хүний тухай уншлаа. Компьютерийн инженер мэргэжилтэй, 47 настай энэ хүн амьд явах хугацаа нь хэдхэн хоногоор хэмжигдэж байхад сүүлчийн лекцээ уншиж байж. Өөрийнхөө амьдрал, баяр баясгалан, сайн сайхан зүйлийн тухай ярьж, цугларсан олны өмнө гар дээрээ суниан “Би дөнгөж төрсөн юм шиг эрч хүчтэй” байна гэж хэлж байсан гэдэг. Түүний уншсан нэг цагийн лекц олон мянган америкчуудад үхэл тийм аймаар зүйл биш гэсэн бодлыг төрүүлж, бүтэн цагийн турш алга ташилт дунд өнжсөн ажээ. Залуу харагдах гэж, урт наслах гэж хүн төрлөхтөн дасгал, хоолны дэглэм, бясалгал, гоо сайхны бүтээгдэхүүн хичнээнийг ч үйлдвэрлэв. Гэсэн ч үхлээс зугатаах аргагүй. Хөгшрөлтийг зогсоох гэж хүмүүс хичээж, шинэ эм бэлдмэл, генетикийн нээлтүүдийг хийж байгаа ч цаг зуурын, эсвэл жам ёсны үхэл байсаар л байгаа. Үхлийн тухай яриа монголчууд бидний хувьд дэндүү амны билэггүй, муу ёрын зүйл мэт боловч амьдралд тохиох гарцаагүй зүйл. ТАНД АМЬД ЯВАХ ГАНЦХАН ЖИЛИЙН ХУГАЦАА БАЙНА ГЭВЭЛ хамгийн түрүүнд юу хийх вэ? гэсэн асуултыг олон хүнд тавьж хариу хайлаа. Хамгийн түрүүнд уулзсан хүн маань эдгэшгүй өвчин тусч, өдөр хоногоо хүлээж байгаа ч сэтгэлээр унаж, уйлж унжилгүй цаг хугацааны үнэ цэнийн талаар ярьж байлаа.
А.Алтансүх/43 настай/: Үхлээс айхаа больсон хүнийх
шиг жаргалтай амьдрал байдаггүй
Одоогоос жил гаруйн өмнө элэгний хорт хавдартай гэдгээ мэдсэн. Тухайн үед эмч нар намайг хэдхэн сарын настай гэж хэлж байлаа. Тэр өдрөөс хойш би цаг хугацааны үнэ цэнийг сэтгэл зүрхээрээ мэдэрч жижиг гэлтгүй бүхий л ажлыг хойш тавихаа больсон. Ирээдүйн тухай хэт их хөөрөлд автан бодож, дараа л үүнийг амжуулна даа гэж өөрийгөө хуурахгүйгээр өнөөдөртөө сэтгэл хангалуун байхыг хичээх болсон. Хэн ч өөрийгөө удахгүй үхнэ гэж төсөөлж чаддаггүй. Тиймдээ маргааш иднэ гэж хоолоо хойш нь тавьж хонодог байх. Гэсэн ч үхэл гэдэг гарцаагүй тохиолдох зүйл. Тэгээд хэзээ ч ирж болно. Тийм болохоор өнөөдөр чадах бүхнээ хийх нь зөв гэж бодоод юмыг дутуу хагас орхихгүй юмсан гэж боддог болсон. “Чи мөдхөн үхнэ” гэсэн үг миний амьдралыг илүү утга учиртай болгосон ч байж магад. Үхлээс айхаа больсон хүнийх шиг сайхан амьдрал байхгүй гэсэн нэгэн ухаантны үг байдаг юм билээ.
А.Алтансүх онош нь тодорхой болж, хэзээ мөдгүй үхнэ гэдгээ мэдсэнийхээ дараа зарим нэг буруу зөрүү хийсэн зүйлийнхээ төлөө уучлал гуйхаар найз нөхөд, хамаатан саднууд руугаа утсаар ярьсан гэнэ. Хүмүүст чин сэтгэлээсээ “Уучлаарай” гэж хэлэхэд сэтгэл нэг л сайхан хөнгөрөөд ирсэн шүү хэмээн тэрээр ярьж байлаа. Зовох цагт нөхрийн чанар танигдана гэж бид ярьдаг. Их зантай, хямсгар, хэрийн юман дээр хөдөлдөггүй нэг залуу хамт ажилладаг байж л дээ. Намайг ийм байхад хамгийн түрүүнд ирнэ дээ гэж итгэж найдсан найзуудаас нь урьтаж өөрийнх нь үзэж чаддаггүй байсан тэр залуу ирсэн байна. Ажлынхаа залууг их зантай, тэнэг гэж тодорхойлж байсан ч хүний мөн чанар энэ үед илүү их танигддаг ажээ. Эрүүл саруул ажлаа хийгээд явж байгаа хүнээс “Танд амьд явах ганцхан жилийн хугацаа байна гэвэл...” гэж асуух, ямар нэгэн байдлаар үхэлтэй тулж, амьд явах хугацаа асар богино байгааг өөрийнхөө биеэр мэдэрсэн хүнээс асуух хоёр газар тэнгэр шиг зөрөөтэй. Гэхдээ яг адилхан өвчтэй, амьдрах хугацаа нь адилхан хэрнээ өөр бодолтой явдаг нэгэн эмэгтэйтэй уулзлаа. Тэдний амьдралд, хүмүүст, өөртөө хандах хандлага эрс өөр байв. Амьдралын боломж бололцоо, эзэмшсэн мэдлэг боловсролоосоо хамаараад хүмүүс “Ганцхан жил” гэсэн хугацааг, амьд явах бололцоог өөр өөрөөр хардаг бололтой.
Ө.Саруултуяа/45 настай/: Үхэл дайсан биш анд нөхөр маань болсон
Уушгины гялтангийн хавдартай гэдгээ мэдсэнээсээ хойш ар гэрийнхнээ зовоохгүй үхэхсэн л гэж бодох болсон. Нөхөр, хүү хоёр маань эрвийх дэрвийхээрээ ажиллаж олсон мөнгөөрөө эм тариа дөхүүлж байгаа ч хүний гар харж суухыг үнэхээр хүсэхгүй байна. Надад зарцуулж байгаа мөнгөөрөө амьдралаа өөд нь татаж болно шүү дээ гэж бодохоор л хурдан үхэхсэн гэж бодох юм. “Эмчилгээгүй, их л удахад жил амьдарна” гэж эмчийг хэлэхэд хорвоо орвонгоороо эргэх шиг санагдаж, яаж ийж байгаад амьдрахсан гэж хүсч байлаа. Тэр үед үхэл, өвчин дайсан минь байсан. Харин одоо тэр миний анд нөхөр болсон. Хүүдээ ч энэ талаар хэлж, айх хэрэггүй гэдгийг тайлбарладаг. Одоо ингээд бодож байхад залуу, эрүүл саруул байхдаа хийж болох өчнөөн зүйлийг тоохгүй хаяж байжээ. Харамсаж байна. Сүүлчийн хүслийг тань биелүүлье гэвэл нөхөр, хүү хоёртойгоо монгол орныхоо байгалийн үзэсгэлэнт газруудаар явж, дуртай хоолыг нь гараа гарган хийж өгмөөр байна. Орох орон, унах унаатай болъё гэж өдөр шөнөгүй зүтгэсэн ч энэ бүхэн хий хоосон зүйл мэт санагдах юм. Хүүгээ хар нялхаар нь зөнд нь хаяж юуны төлөө явсан юм бэ? Эцсийн эцэст найз нөхөр, гэр бүлгүйгээр бид юу ч хийж чадахгүй гэдгийг маш сайн ойлгож байна.
Үүнийг л хийчихсэн бол, тэрийг амжуулчихсан бол гэхгүйгээр явж чадвал тэр хүний амьдрал талаар өнгөрөөгүй гэж ойлгож болмоор. Гэхдээ хүн ямар нэгэн юманд сэтгэл ханаж, сэтгэл амар сууж чаддаггүй. Унаж байгаа машин нь бусдын нүдээр сайхан байлаа ч өөрийнх нь хувьд өөр машин сонирхлыг нь татаж, түүнийг л авахсан гэж шунаж байдаг. Бид бараг хэрэггүй шахам зүйлд хамаг цаг хугацаа, нөөц бололцоогоо шавхдаг. Сүүлийн үеийн загварын гар утас, спорт загварын машин гээд л... Юу эдэлж хэрэглэх нь нэг их сонин биш. Зөвхөн өнөөдөртөө, эсвэл жилийн дараа үхэхдээ сэтгэл хангалуун байна гэдэг сэтгэл санааны маш нарийн асуудал. Хаммер жип унаж, хаусны түлхүүр халаасалсан ч сэтгэл санааны хувьд хангалуун амьдарч чадаагүй бол үхэхийн цагт амьдрал утгагүй санагдах ч юм шиг.
Уулзаж ярилцсан хүмүүсийн дийлэнх нь одооных шигээ амьдармааргүй байна, хаа нэг тийшээ явж үлдсэн ганц жилийнхээ амьдралыг өнгөрөөнө дөө гэж ярьж байлаа. Ганцхан жил амьдраад үхэх бол гэсэн энэ сэдэв явсаар өөр нэг зүйлийг бодоход хүргэлээ. Өнгөрсөн оны аравдугаар сард манай сэтгүүл “Дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу” буюу гадаадад байгаа монголчуудын тухай хавтасны сэдэв бичиж байсан. Тэр үед “Боломж олдвол гадны аль нэг орон руу явах уу?” гэсэн санал асуулгад оролцогсдын 60 орчим хувь нь хаашаа ч хамаагүй явна хэмээн хариулж байсан. Гадаадад тодорхой хугацаанд сурч боловсорч, ажиллаж амьдарч байгаад ирсэн хүмүүс “Эх орондоо очоод л бүгдийг нь биш юм гэхэд өөрийнхөө хэмжээнд өөрчлөлт хийж чадна” гэсэн бодол тээсээр ирдэг. Харь газар ажиллаж, амьдарч, амьдралын хэв маягт нь дассан олон монголчуудын эх нутагтаа ирж, бэтгэрч санасан сэтгэлээ давтээж, хазайж хагасалсан амьдралаа тэгшлэх хүслийг нь “Очоод би энд байгаа шигээ амьдарч чадахгүй шүү дээ” гэх болгоомжлол эргэлзээнд оруулж мухардуулдаг. Хэн ч гэсэн эх орон элгэн садныхаа дэргэд нүд аньж, төрж өссөн нутаг орондоо сэтгэл хангалуун байж байгаад яс тавихыг хүсдэг. Гэтэл амьд явах сүүлчийн ганцхан жилийн амьдралаа өөр соёл иргэншил, өөр нутаг оронд өнгөрөөх хүсэл бидэнд төрж байна шүү дээ. Боломж олдвол талаас илүү нь хаашаа ч хамаагүй явахыг хүсдэг, сүүлчийн ганцхан жилээ таньж мэдэхгүй газар амьдрахыг хүсдэг тийм оронд бид амьдарч байна гээд бодоод үз дээ. Хүн ард нь эх орноосоо өөр тийшээ явахыг хүсдэггүй, өнөөдрийнхөө амьдралаар насан эцэслэтлээ байхыг хүсдэг хүмүүст атаархмаар байгаа биз? Энэ хоёр судалгааны дүнг харахад бид өнөөдрийнхөө амьдралд ямар их сэтгэл дундуур явдаг юм бэ? Өнөөдрийн үмх хоол, маргаашийн өмсөх зүүхээс хэтрэхгүй шахам хэрэглээтэй, гудамжаар явахаар хөмсгөө зангидаж, баргар царайлсан хүмүүс алхам тутам таарч, замын бөглөрөл, ажил хөөцөлдөхөөр авлига, гар харсан нэг тийм сааралдуу амьдрал нэг хэмээр урсаад л... Харин нэлээд хэдэн жил Германд амьдарч байгаад ирсэн танил маань “Германчууд материаллаг зүйлд санаа зовдоггүй. Хүний хэрэглээ бүрэн хангагдсан. Гудамжаар явахад найрсгаар инээмсэглэсэн царай, гудамж нь битүү ногоон ямар сайхан гээч. Үнэхээр атаархмаар. Ингэж амьдарч байгаа хүмүүс сүүлийн ганцхан жилээ эх орон, элгэн садан, энэ л тайван амьдралынхаа дунд үдэхийг хүснэ шүү дээ” гэж ярьсан юм.
Дүүгээсээ ганцхан жил амьдрах бол яах вэ гэж асуухад нэг их хэнэггүй царай гаргаж байгаад “Одоохондоо энэ тухай бодмооргүй байна. 40 жилийн дараа л үхлийн тухай бодох байх” гэж байх юм. Үхэлд бэлтгэж, тэгнэ ингэнэ гэж төлөвлөдөг хүн байхгүй л байх. Гэсэн ч махбодийн үхэл биднээс хамаарахгүй гэнэт ирдэг. Өнөөдөр үхэх юм шиг ажиллаж, хэзээ ч үхэхгүй юм шиг аашил гэсэн үг байдаг юм билээ. Ганцхан жил амьдрах бол гэдэг асуулт нөгөө талаараа амьдралын утга учрын тухай бодуулж байна гэж хамт ажилладаг бүсгүй маань хэлж байсан. Үхээд дуусахгүй, үлдэх мөртэй амьдрах хэрэгтэй тэгвэл санаа амар үхэж чадна гэж тэрээр бас нэмж хэлсэн. Судалгаанд хамрагдагсдын дөрөвний нэг нь “Хүмүүст дурсагдахын тулд сайн үйл хийнэ” гэж хариулсан байх юм. “Агшин хором бүр ахиад хэзээ ч давтагдахгүй хуультай. Үхэх гээд эмнэлгийн орон дээр хэвтэж байхдаа өнгөрөөсөн үр дүнгүй цаг хугацаандаа харамссан. Амьдрал гэдэг төрөх, үхэхийн хоорондох үүлэн чөлөөний наран шүү дээ. Тийм болохоор нарны гэрэлд цэцэг болон дэлгэрч, үр жимсээ үндэслүүлж, ашиг шимээ бусдад түгээн амьдраад буцвал харамсах юмгүй шүү дээ” гэж осолд ороод золоор амьд гарсан нэг найз маань хэлж байсныг санаж байна.
Э.Сумъяа /28 настай/: Мөнхийн ус байлаа ч би уухгүй
- Та ганцхан жил амьдраад үхнэ гэдгээ мэдвэл хамгийн түрүүн юу хийх вэ?
- Хүмүүс хэзээ үхэхээ мэддэг бол илүү ухамсартай амьдрах болов уу гэж би боддог. Ядаж л маргааш гэж ажлаа хойш тавихгүй, үр хүүхэд хань ижил, аав ээжтэйгээ илүү их цагийг өнгөрөөх байхаа. Өглөөнөөс үдэш болтол өнөө маргаашийн хоол унд, өмсөж зүүхийн төлөө явсаар гэр бүлдээ бага цаг зарцуулдаг юм шиг. Би одоо хийж байгаа ажлаа дуусгаад ээжтэйгээ хамт дэлхийг тойрох аялал хийнэ. Ээжтэйгээ хоёулхнаа амьдардаг болохоор ээжийнхээ хүслийг биелүүлчихээд үхвэл амар байх болов уу? Гэхдээ л өөрийгөө үхнэ гэж бодохоос айж байна. Нэлээн дээхнэ интернетээс нэг охины тухай уншиж байсан юм. 24 настай герман бүсгүй хорт хавдраар өвчилж үхлээ хүлээж байсан гэдэг. Долоон удаа хагалгаанд орсон ч эмчилгээ үр дүнгүй болж, “Чин хүсэл” сайн дурын байгууллагынхан сүүлчийн хүсэлтийг нь биелүүлэхээр очиход тэр “Норвегит очиж нохойт чаргаар зугаалмаар байна. Бас далайн эрэг дээр тамхи татаад хэвтэхсэн” гэж хэлсэн байдаг. Ингээд бодохоор яг үхнэ гэдгээ мэдэхээр өдөр тутмын энгийн мэт зүйлсдээ сэтгэл хоргоддог юм шигээ.
- Мөнхийн ус байдаг бол та уух уу?
- Үхэх хэдийгээр аймшигтай ч гэлээ мөнхийн ус олдвол уухгүй ээ. Хамгийн гол нь амьд явах бололцоо хэдий хэр үлдсэнийг мэдээд тэр хугацаагаа ухамсартайгаар, хүсэл мөрөөдлөө биелүүлэхэд зарцуулж чадвал боллоо. Суут сэтгэгч Платон “Хүн мөнхөрвөл тэр амьдрал нь там болно” хэмээн хэлсэн байдаг. Бид амны билгээс ашдын билэг гэж ярьдаг даа. Тиймдээ ч үхлийн тухай ярьдаггүй. Гэрээслэл ч бичдэггүй. Бид одоо талын нүүдэлчин биш суурин иргэншилд дасч ядан байгаа хүмүүс. Хэдэн малаа дагаж, өвсний шимтэйг даган нүүдэллэж явахад гэрээслэл хэрэггүй байсан байж болох л юм. Харин одоо зах зээлийн нийгэмд, өмчийн харилцаа хөгжиж байгаа учраас үлдэж байгаа зүйлсээ хэн нэгэнд орхих хэрэг гарч л таарна. Олон хүүхэдтэй хүн байлаа гэхэд том хүүдээ орон байраа, багад нь эдэлж хэрэглэж байсан зүйлээ, охиндоо хадгаламжинд байгаа мөнгөө гээд нарийн хэлж ярьж, бичиж үлдээхгүй л бол ах дүүгийн тангараг тасарна. Сүүлийн үед тиймэрхүү зүйл их ажиглагдаж байгаа.
Нөгөө талаас бодоод үзье л дээ. Хүн үхдэггүй байсан бол гээд. Энэ асуултанд хариулсан хүмүүсийн дийлэнх нь “Амьдрал ямар ч утгагүй болно”, “Юунд ч тэмүүлэх, хүсч мөрөөдөх хэрэггүй”, “Үүнийг л амжуулчих юмсан гэсэн тэмүүлэл үгүй болно”, “Хүсэл мөрөөдөл, уй гуниггүйгээр амьдрал утгагүй” “Үхэл байхгүй бол төрөх, бий болох гэдэг процес ч байхгүй” гэж хариулж байв. Ямар ч зүйл хар цагаан хоёр талтай гэж бид ярьдаг. Нэг жил амьдрахад арван жил бүтээж чадамгүй зүйлийг ч хийж болох юм. Хүмүүс хэзээ үхэхээ мэддэг бол амьдрал илүү их утга учиртай, зорилготой болох байсан. Өнөөдөр хийх гэж байсан ажлаа зүрх алдан хойш тавьж, дараа л нэг үзээд алдъя гэх эргэлзээ үгүй болно. Тэртээ тэргүй ганцхан жил байгаа юм чинь гэсэн бодол хүмүүст эрч хүч, алдахаас айхгүй байх зориг өгөх байсан ч байж болох л юм.
Шашны номлолд үхлийг юу гэж үзсэн байдаг юм бол? Библийн сударт өгүүлснээр үхлийн дараа амьдрал байдаг гэх бөгөөд тэр амьдрал нь нүдэнд харагдаж, чихэнд сонсогдохгүй, хүний санаанд оромгүй юмс үзэгдлийг мөнхийн эзэн ариун сүнснүүдэд бэлддэг гэж дүрсэлсэн байх юм. Харин буддын шашинд хүн үхснийхээ дараа ямар нэгэн төрлийг олон төрдөг бөгөөд амьд ахуйдаа хийсэн буян нүглийн хэмжээнээс шалтгаалан хүмүүн төрлийг олох уу эсвэл өөр ямар нэгэн амьтан болох уу гэдэг нь хамаардаг тухай сургасан байдаг. Мөн там, диваажин, эрлэг номун хаан гэхчилэн олон ойлголт аль ч шашинд байдаг ажээ. Шүтлэгтэй хүмүүс өөрсдийгөө бурхны цээрлэл хүлээхгүй гэдэгт итгэдэг бол бурхныг үгүйсгэгчид угаасаа байхгүй зүйл хэн нэгнийг цээрлүүлж чадахгүй гэж боддогтоо үхлээс айдаггүй байна. Манайхны бараг бүгдээрээ буддын шашинтай гэх боловч тэдний багахан хэсэг нь гандан хийдэд тогмол очиж ном хуруулдаг, цай сүүнийхээ дээжийг тэнгэр бурханд өргөдөг бол дийлэнх нь ажлаа бүтэхгүй бол, шалгалт шүүлэг дөхөөд ирэхээр ганданд очиж ном уншуулдаг, ламаар засал хийлгэдэг гэж хариулжээ.
Ганцхан жил амьдрах бол... Аймаар юм, төсөөлж чадахгүй нь гэсэн хүн ч олон байна. Бид мөнх амьдардаггүй. Тийм болохоор энэ тухай заавал бодох цаг ирж л таараа. Дундад зууны үед хүн сэтгэл зүйнхээ хувьд урт насалдаг байжээ. Тэдний хувьд хэзээ үхэх нь сонин биш. Хэд хоног, хэдэн сар, жилийн настай байхаас илүү дараагийн амьдрал, диваажингийн гэх төсөөлөл чухал байж. Мухар сүсэг, шүтлэгийнхээ хувьд тэд мөнхийн амьдрал байгаа, хойд нас бий, дахин төрнө гэж итгэдэг байсандаа энэ насныхаа амьдралд идэвхтэй байдаг гэж судлаачид үзжээ. Тэр бүү хэл тухайн үеийн түүхийн сурвалжуудад үхлийг “Ах, дүү, найз нөхөр” хэмээн тодорхойлсон байдаг. Харин өнөөдөр бид ямар нэгэн осол эндэгдэл, гэнэтийн зүйлд өртөхдөө “Яаж ийгээд амьд үлдэхсэн” гэж хүсдэг. Энэ нь эргээд хамгийн их айдсыг дагуулдаг гэж тодорхойлжээ.
Хүн хүн өөрийгөө янз бүрээр тодорхойлдог. Намайг үхвэл хэн ч харамсахгүй дээ гэж бодох нэгэн байхад, би байж гэмээнэ бүгдийг өөрчилж чадна гэх хүн ч бий.
Дэлхий таниар дутна
Одоогоос жил гаруйн өмнө UBS телевизээр “Глобал сео” нэвтрүүлэг та бүхэнд хүрч байсан. Уг нэвтрүүлэгт оролцож байсан Л.Одсүрэн өдгөө монголын топ 20 их дээд сургууль дээр “Дэлхий таниар дутах уу?” лекцээ уншиж байгаа ажээ. Түүнтэй уулзаж ганцхан жил амьд явах бол юу хийж бүтээх талаар нь хэсэг зуур ярилцлаа.
- Ганцхан жил амьдраад үхэх бол юунд харамсах вэ?
- Энэ асуултыг бид өөртөө байнга тавьж амьдрах хэрэгтэй гэж би боддог. Сүүлийн хоёр жил шахам оюутан залуучуудад “Дэлхий таниар дутах уу?” сэдвээр лекц уншъя гэж бэлтгэж байсан юм. Цаг хугацаа нь болж өгөхгүй бүтэн жил хойшлуулаад байсан юм л даа. Тэгээд хагас жилийн өмнө ганцхан жил, эсвэл ганцхан сар амьдрах бол би яах ёстой вэ гэсэн асуултыг өөртөө тавьж энэ лекцээ хүмүүст хүргэчихээд үхнэ дээ гэж бодсон. Миний хувьд нийгэмдээ, залууст хэлэх үг байгаа учраас тэрийгээ ямартаа ч хийх ёстой гэж бодсон. Өнөөдөр үхлээ гэхэд надад харамсаад байх зүйл байхгүй. Нас насандаа, тухайн цаг үедээ хийнэ гэж бодож байгаа зүйлээ хийгээд явж байгаа учраас амар тайван үхэж чадна. Стивен Ковегийн “Үр бүтээлтэй хүний долоон зуршил” номонд ганцхан өдөр, долоохон хоног, нэг сар, нэг жил амьд явах бол юу хийх вэ гэсэн асуултын талаар бичсэн байдаг.
- Нэгхэн жил амьдарвал юу хийхийг хүсч байна?
- Улс орныг өөрчлөх хэмжээний юмыг нэг жилийн дотор хийж чадахгүй байх. Үнэхээр ганцхан жил амьдрах бол өөрийнхөө итгэл үнэмшлээр монголын томоохон компанийг удирдаад үзэхсэн гэж хүсч байна. Тэгээд үр дүнг нь хараад манайд ийм бодол санаагаар юм хийж болох юм байна, ингэх нь зөв гэсэн дүгнэлт хийгээд нийтлэл бичиж лекц уншина.
- Та оюутан залуучуудад “Дэлхий таниар дутах уу?” гэсэн лекц уншиж байгаа гэсэн. Зарим хүмүүс намайг үхэхэд юу ч өөрчлөгдөхгүй гэдэг шүү дээ?
- Үнэхээр дэлхий ганцхан таниар дутах уу үгүй юу гэдэгт л хариу хайж байна. Дэлхийн хүн ам долоон тэрбум хүрэх гэж байна. Өдөрт 250 мянган хүүхэд төрж байна. Нэг хүний үнэ цэнэ юу вэ? “Миний хамгийн үзэн яддаг зүйл статистик тоо баримт” гэж Черчелль хэлсэн байдаг. Үүнтэй би ч санал нийлдэг. Саяхан цасан шуурга болж 110 хүн ор сураггүй боллоо гэдэг мэдээ телевизээр гарч байсан. 110 гэдэг зүгээр л тоо. Тэрний цаана 110 амьдрал, 110 ертөнц, тийм тооны гэр бүл байгаа шүү дээ. Та юмуу би байгаа нь ертөнцөд ямар нөлөөтэй юм бэ? Байхгүй болчихвол яах вэ? байгаа чинь эсвэл үгүй болсон чинь хэн нэгэнд нөлөөлж байвал амьдрал илүү утга учиртай болно. Байсан байгаагүйн ялгаагүй, нөлөөгүй байвал хүн ор нэр төдий амьдарч байгаа хэрэг шүү дээ. Хүнд гай болохгүй, өөрөө нэг үрэгдчихгүйхэн шиг байхын нэр болно. Хариу нь ч дэлхий таниар дутна.
- Амны билгээс ашдын билэг гээд бид үхлийн тухай ярьдаггүй. Ярих ёстой юу үгүй юу?
- Хүн үхэх нь тодорхой. Өдөр болгон хэдэн зуун мянган хүн үхэж байгаа. Хэн хэзээ хаана яаж үхэхээ мэддэггүй. Өглөө би өөрөөсөө өнөө орой үхэх бол юу хийх вэ, би харамсахгүй үхэж чадах уу? гэж өөрөөсөө асуулаа л даа. Хамгийн түрүүн хойш тавьсан ажлууд санаанд орсон. Хэзээ мөдгүй үхнэ гэдгээ мэдвэл хүн ямар нэг зүйл дээр алдахаасаа айхгүй. Үзээд алдъя л гэж бодно.
Амьдралын үнэ цэнэ
Өнөөдөр энэ хорвоо дээр амьдарч байгаа маань хэн нэгний хувьд хэрэгтэй байгаа бол тэр л миний үнэ цэнэ. Бид өнөөдөр хүүхдийнхээ төлөө амьдарч байна, тэднийгээ хүн шиг хүн болгохын төлөө, мэдлэг боловсролтой болгохын төлөө, сургуулийнх нь төлбөрийг олох ёстой гээд багш, сургуульд найдаад зөнд нь хаядаг. Хүүхдээ хүмүүжүүлж байгаа нь энэ гээд үглэж, яншиж, заримдаа уурлаж, алганы амт үзүүлэх нь ч бий. Харин баруунд хүүхдээ хүмүүжүүлье гэвэл цаг зав гарга, чадахгүй бол битгий олон юм ярь гэдэг. Хүүхдээ хүмүүжүүлж байгаа нь энэ гээд чихрээр хуурдаг биднийхээс тэс өөр дүр зураг харагдаж байгаа биз. Хамгийн наад захын энэ байдал бидний амьдралын үнэ цэнийг харуулна. Хэзээ үхэхээ урьдчилан мэддэг бол сайхнаа гэсэн үгийг энэ сэдвийг бичих явцдаа олон хүнээс сонслоо. Харин нэгэн танил маань надад үнэ цэнийн тухай нэгэн өгүүллэгийг уншсан тухайгаа хэлсэн юм. Магадгүй уншигчдад ч энэ түүх хэрэг болох байх гээд та бүхэнд хүргэхээр шийдлээ.
Нэгэн алдартай уран илтгэгч олон хүний өмнө илтгэл тавьж байжээ. Тэрээр халааснаасаа 20 доллар гаргаж ирээд “Үүнийг авах хүн байна уу?” гэж асуухад цугларсан хүмүүс бүгд л гараа өргөв. Илтгэгч “Энэ мөнгийг та нарын хэн нэгэнд өгөх болно. Харин өгөхөөсөө өмнө нэг зүйлийг хийх хэрэгтэй” гэж хэлээд нөгөө доллараа нугалж үрчийлгэн, базаад “Одоо ч гэсэн авахыг хүсч байна уу?” гэхэд хүмүүс гараа өргөсөөр л байв. Гэтэл илтгэгч нөгөө мөнгөө газар шидээд дээрээс нь дэвсэж, бүр шороотой хольж хутгаснаа ахиад нөгөө асуултаа давтав. Гэвч бүх хүн дахиад л гараа өргөж байв. Энэ бүхний эцэст илтгэгч “Энэ мөнгө харагдах байдлаараа ямар байлаа ч та бүгд авахыг хүсч байна. Энэ бол үнэ цэнэ. Би энэ мөнгийг үрчийлгэж, базаж, дэвсэлсэн ч энэ бүхэн түүний үнэ цэнийг алдагдуулахгүй байна шүү дээ. Тэр одоо ч 20 доллар хэвээрээ. Бид амьдралд хэн нэгэнд гомдох, өөрийгөө хэнд ч хэрэггүй гэж бодох, сэтгэлээр унах зэрэг янз бүрийн зүйл тохиолддог ч энэ бүхэнд өөрийнхөө үнэ цэнийг алдах ёсгүй. Амьдралын үнэ цэнэ гэдэг бол бидний юу хийсэн, хэнийг таньдаг зэргээр хэмжигдэхгүй. Харин бидний хэн болохыг тодорхойлдог. Үүнийг хэзээ ч мартаж болохгүй” гэсэн гэдэг.
Алдар хүндтэй тамирчнаас сурвалжлагч асууж гэнэ. “Танд хэн нэгний зөвлөгөө, бодол санаа дутаж байсан үе бий юу?” гэхэд тэрээр “Амжилтын оргилд хүрэхэд тэнд юу ч байхгүй хоосон гэдгийг хэн нэгэн надад хэлсэн ч болоосой” гэж хариулжээ. Бид чухам юунд итгэж найдаж, юуны төлөө амьдарсан юм бэ? Ганцхан жил үлдэхэд харамсах юмгүйгээр үхэж чадвал энэ яваа насаа утга учиртай үнэ цэнэтэй өнгөөрөөжээ хэмээн өөрийгөө үнэлж болох юм шиг. Алдар нэр, хөрөнгө мөнгө, өнгө төрх гээд бүхий л зүйлд хүмүүс өөр өөрийнхөөрөө ханддаг. Алдрын оргилд хүрээд юу ч байхгүй хоосон мэт сэтгэгдэл төрж байхад түүндээ сэтгэл ханаж үхэхэд харамсахгүй гэж хэлэх хүн ч бий.
Нэг жил амьдрах бол юу хийх вэ?
“Ганцхан жил амьдрах хугацаа байна гэвэл та юу хийх вэ” гэсэн санал асуулгыг Германы “Stern” сэтгүүл уншигчдынхаа дунд явуулжээ. Бид ч тодорхой хэмжээний хүмүүсийг хамруулан доорх судалгааг хийлээ. Үр дүнг нь харьцуулахад маш их өөр үр дүн харагдаж байна. Германчууд одоо байгаа амьдралдаа сэтгэл хангалуун байдаг нь “Одоогийнх шигээ амьдарч байгаад үхнэ” гэсэн хариултыг 60 гаруй хувь нь сонгосноор харагдаж байна. Харин бид юуг хамгийн түрүүнд тавьж байна вэ?
Хариулт Монгол Герман
Одоогийнх шигээ амьдарч байгаад үхнэ 28,3
57
Тайван үхнэ /Гэр бүл, найз нөхөдтэйгөө салах ёс хийж/ 24,6
41
Хүссэнээ хийж, дураараа дургина 33,7
36
Тооцоо бодно /гомдоосон нэгнээсээ уучлал гуйж, маргаантай асуудлуудыг шийдвэрлэж, хэн нэгэнд хэлэх гэж бодож хадгалж явснаа хэлнэ. 54,8
30
Хүмүүст дурсагдахын тулд сайн үйл хийнэ 25,4
26
Бусад... 8,6
4
Бидэнд ямар их шийдэгдээгүй асуудал байдаг юм бэ? Манай сэтгүүл дугаар бүрээрээ ямар нэг асуудлыг дэлгэж тавиад ярилцахыг хүсдэг. Харин хүмүүс тэр бүр алгаа тосон угтдаггүй л дээ. Тийм байна, ингэмээр байна гэхээр “Нээрээ тийм шүү. Яг наадахыг чинь хэлэх гээд л...” гэх нь ч олон бий. Ярьж хэлж чадахгүй дотроо бүгдийг хадгалаад явдгаа бид “Манайхан их дотогшоо улс. Хэрийн юман дээр дуугарахгүй” гэж цайруулдаг. “Сүүлчийн жил...” сэдвийн хүрээнд явуулсан судалгаанд оролцогсод “Гомдоосон хүмүүсээсээ уучлал гуйна”, “Дургүй хүргэсэн нэгнээсээ өс авна”, “Маргаантай асуудлыг шийдвэрлэнэ” гэхчилэн олон хариулт өгч байлаа. Энэ бүгдийг нэгтгээд үзэхээр бид хоорондоо ярьж, ойлголцож, асуудлыг шийдвэрлэж чаддаггүй гэдгийг харуулж байгаа юм биш үү? Үнэхээр та ганцхан жил амьдраад үхэх бол юу хийх вэ? бодоод үзээрэй.
М.Гэрэлтуяа
НАМИРАА САЛХИ (Өгүүллэг)
1 year ago
8 comments:
“Амьдрал ямар ч утгагүй болно”, “Юунд ч тэмүүлэх, хүсч мөрөөдөх хэрэггүй”, “Үүнийг л амжуулчих юмсан гэсэн тэмүүлэл үгүй болно”, “Хүсэл мөрөөдөл, уй гуниггүйгээр амьдрал утгагүй” Зүгээр л насаараа амьдраад явна гэдэг үнэхээр утгагүй, үхэхээ мэдэхээрээ л хүн амьдралын утга учрыг мэддэг юм шиг ээ. Өнөөдөр сүүлчин өдөр юм шиг амьдараа гэдэг чинь ийм зүйлийг л ухаараасай гэсэн зорилготой юм шүү дээ. хээх
Уншихад урт байлаа. Ядаж байхад нүд маань өвдөж байгааг хэлэхүү.
би бол үхлээ өөдрөгөөр төсөөлдөг шд. ямар ч байсан ослоор зуурдаар биш байгаасаа гэж хүсдэгээс гадна эхнэрийнхээ урд нь орчихгүйм шүү гэж боддог шд.
Харин нэлээд урт болчихсооон. Гэсэн ч яг энэ сэдвээр ярих юм үүнээс ч их байдаг. Бичсэнийхээ дараа ч хэд хэдэн хүнээс яриа авсан. Тэгж байгаад цувралаар оруулнааа.
өөш өөш цуврал гэнүү болиочээ, цуврал байхдаа яадын. Үхлээр дагнахаар шийдчиж, нүд нь гэрэлтээд байна гээд цаагуур чинь ббббөөн юм болы шд
вээй сайхан нийтлэл эргэцүүлэл судалгаа болсон байна лээ найз нь энэ нийтлэлийг ЦАГ ТӨР сэтгүүлээс амтархан уншсан
Гүэ нэг юмаараа дагнасан нь дээр шд хө Директороо. Асо баярлалаа.
Өнөөдөр холбоос ирэнгүүт орж уншсан, таалагдсан, юм бодогдсон учраас өөрөө блогтоо бас нэг бичлэг оруулаад чиний блогийг бас дурьдаад, одоо эргээд баярлалаа гэж хэлэх гээд орж ирэв
Хэ хэ. Ганц ч гэсэн хүнд таалагджийвал яамай даа.
Post a Comment