Тасалгааны ургамал эзнийхээ сэтгэлийг сэргээн, тайвшруулахаас гадна орчныг чимж, агаарын солилцоонд чухал үүрэг гүйцэтгэдэг. Эртний хятдууд лянхуаг зуны, тоорыг хаврын, удвалыг намрын, сарнайг өвлийн билэгдэл хэмээн үздэг байж. Цэцэгтэй яаж харьцана, цэцэг тантай тийн харьцана гэсэн эртний үг ч бий. Сарнайг цэцгийн хаан гэдэг бол алтанзулыг хатан цэцэг хэмээн нэрийддэг. Цэцэг бүр өөр өөрийн гэсэн билгэдэлтэй бөгөөд нил цэцгийг дурсамж хадгалдаг, цахилдгийг сайн мэдээний, цээнийг гоо сайхны, шимтэглэйг аз жаргалын цэцэг хэмээн гэртээ тарих нь элбэг байдаг.
Хавар болж хэн хүнгүй л гэр орон, албан тасалгаандаа цэцэг ургуулахаар зэхэж байна. Та өөрөө цэцэг ургуулах туршлагагүй, дэлгүүрээс ургасан цэцэг худалдан авах гэж байгаа бол худалдагчаас яаж усалдаг, гэрт хаана тавих тохиромжтойг нь сайн лавлаарай. Өрөөний цэцэг гэр орны чимэг болохоос гадна агаарын солилцоонд чухал хэрэгтэй. Юуны өмнө байрны том жижиг, өрөөний тооноос шалтгаалж тарих цэцгээ шилж авах бөгөөд өрөө, цонх болгонд нэг төрлийн цэцэг олон байх нь онцгүй харагддаг. Харин өрөө цөөтэй, зай багатай бол ханандаа мөлхөө ургамал тарих нь тохиромжтой. Урагшаа харсан цонхон дээр халгай болон сарнайн төрлийн цэцэг тохиромжтой байдаг бол модлог болон алаг эрээн навчтай ургамлууд сүүдэр газар сайн ургадаг.


Арчилгаа
o Тасалгааны ургамалыг хэт услах нь огт услахгүй байснаасаа илүү хортой. Усалгааг хэтрүүлбэл агааргүйтэж үхдэг. Цэцгийг нэг өдрийн өмнө тосож хонуулж, өөрийнх нь темпратуртай адил болсон усаар өдөр бүр, зарим тохиолдолд өнжөөд нэг усална.
o Өндөгний хальсыг үйрүүлэн элсэн чихэртэй хольж бордоо болгон ашиглавал цэцгийг өнгө алдаж гундахаас хамгаалдаг.
o Тасалгааны ихэнх цэцэг өвөл амардаг тул усалгааг багасгах хэрэгтэй.
o Мах угаасан болон бага зэргийн чихэртэй ус өрөөнд тарьсан цэцэгний хамгийн сайн тэжээл.
o Цэцгийг хугацаанаас нь эрт гандуулахгүйн тулд усанд нь глицерин, хүнсний давс, наштрын спирт, цагаан цуу (уксус), архи, сахар, нимбэгний хүчил зэргийг хийдэг.
o Тамхины утааг цэцэг "тэвчдэггүй". Энэ нь түүний амархан үхэх шалтгаан ч болдог. Эзнийх нь бие муудвал цэцэг ч мөн гандаж, гунихардаг. Тиймээс хэрэв та цэцэг тарихаар шийдсэн бол хариуцлагаа өндөрсгөж, хорт зуршлаасаа салаарай.
Цэцэг тарих хамгийн энгийн аргууд:
1. Эхлээд үржүүлэх цэцгээ сонгож мөчрийг нь 4-5 үеийн доогуур тайрч аваад усанд хийнэ. Үндэслүүлэх мөчрийн гуравны нэг нь усанд байх ёстойг санаарай. Усны хлорыг арилгахын тулд нэг өдөр сойх бөгөөд өдөр бүр солих шаардлагатай. Гэрэлтэй, дулаан газар байсан мөчир 3-4 долоо хоногийн дараа иш нь бүдүүрч үндэс нь гардаг. Энэ үед авч шороонд суулгана.
2. Навчаар ургуулдаг цэцэг байдаг бөгөөд ийм цэцэгний боловсорч гүйцсэн навчийг тайрч аваад усанд хийж дээгүүр нь бүтээнэ. Үүнийгээ салхилуулж, ус нэмж байвал сайн ургах бөгөөд үндэс нь гарахаар шороонд суулгана.
3. Цэцэгний ишнээс 3-8 см урттайгаар хурц хайчаар хайчилж аваад доод хэсэгт байгаа навчийг нь авч хаяна. Харин дээд хэсгийн том навчийг хагас болгон хайчилна. Энэ нь ишээр дамжин орж ирэх усны уурших талбайг багасгаж байгаа хэрэг. Дараа нь цэцэг тарих савныхаа ёроолыг нь жижиг, жижиг нүхлэн чулуу буюу модны нүүрс дэвсэн чийглэг зөөлөн хөрс нэмээд үндэслүүлэх мөчрөө суулгана. Гэрэлтэй дулаан газар байлгаж, хааяа услах хэрэгтэй. Ингээд л шинэ навч гарах юм бол цэцэг ургаж эхэлнэ.
Цээнэ охидод аз жаргал авчирдаг
• Франц, Испани, Италийн өмнөд эрэг орчмоор ургах “Каулерпа таксиолие” хэмээх ургамал нь хурдан үржиж, хүчилтөрөгчийг ихээр залгилан, ойр орчныхоо амьд бүхнийг устгадаг өөдгүй “алуурчин” араншинтай гэнэ.
• 1966 онд Америкийн судлаач Клив Бакетер хүмүүсийн худал үнэн ярихыг ялгагч багаж зохион бүтээхээр ажиллаж байхдаа нэгэн гайхалтай зүй тогтлыг илрүүлжээ. Долгионы бичлэг хийгч аппаратыг тасалгааны цэцэгт залгахад багаж долгион мэдэрч байжээ. Хэд хэдэн цуврал туршилтын дүнд ургамал эзэндээ дасдаг, гаднын хүнийг мэдэрдэг, хүний муу, сайныг ялгаж чаддаг, хажууд нь амьтан хороохыг, бас цус үзэж чаддаггүйг тогтоожээ.
• Гэрт кактус тарихаас аль болох зайлсхий. Кактус ямар ч үзэмжтэй сайхан дэлбээлж ургалаа ч гэрт байгаа л бол хурц өргөс нь элдвийн муу энергийг устгаж, тэмцэж чаддаггүй. Тэр ч бүү хэл маш нарийн хорт энерги үүсгэж, тэр нь өвчин зовлон, азгүйтэл, мөнгөний алдагдал авчирдаг байна. Тиймээс гэрийнхээ цонхон дээр тавьсан кактусаас илүү албан тасалгаан дахь кактус харуулын үүрэг гүйцэтгэдэг, илүү ээлтэй гэнэ.
• Цээнэ бол дэлхийн олон оронд “Цэцэгсийн хаан” хэмээн алдаршсан. Эмэгтэй хүнд ээлтэй цэцэг. Насанд хүрсэн охидоо сайн залуутай гэрлэж, бат журамтай яваасай гэж хүсвэл цээнийн ягаан цэцэг томоор зуруулан зочдын өрөөндөө өлгөж болно. Дэлбээлсэн цээнэ цэцэг охидтой айлд аз жаргал, сайн хувь заяаг дууддаг байна.

М.Гэрэлтуяа

No comments: