Учиртай уугаарай

Манай улс анх цайг Алтан хааны үед Хятадаас авч хэрэглэж байсан боловч сүүлдээ Оросоос авч өргөн хэрэглэдэг болжээ. Дэлхийн хоёрдугаар дайны үед Оросоос цай орж ирэхээ больсон учраас нутгийн зэрлэг ургамлаар цай хийж бэлтгэх ажлыг өргөн хүрээтэй хийж байжээ. Одоо манай улс өргөн хэрэглээний цайг Хятад, Энэтхэг Орос зэрэг орноос авч байгаа. Үүнээс гадна өөрийн орны ургамлын баялагаас олон төрлийн цайг бэлтгэн хүнсний болон эмчилгээний чиглэлээр өргөн хэрэглэх болжээ. Ургамлын цай гэж юу болох талаар ЭМШУИС-ын Уламжлалт анагаахын сургуулийн багш, ургамал судлаач Б.Хүрэлчулуунтай ярилцлаа.

- Ургамлын цай гэдэг нь цайны ургамлаас юугаараа ялгаатай байдаг вэ?
- Цайны ургамал гэдэг бол биеэ даасан ургамлын төрөл зүйл. Харин ургамлын цай гэдэг бол тухайн ургамлыг ашиглан цай хийж болох бүх төрлийн жимс, мод, бут, цэцэг навчийг хамруулж ойлгох хэрэгтэй. Дэлхийн олон орны ард түмэн өөрийн орны ургамлын цайг орлуулан ашигладаг. Түүнтэй ижил манай оронд түгээмэл ургадаг, орон нутгийн хүмүүс хүнсэндээ болон анагаах зориулалтаар хэрэглэдэг 100 гаруй ургамал байдаг. Ургамлаар бэлдсэн цай аятайхан үнэр, амттай байдаг. Цайг хэрэглэх зориулалтаар нь өдөр тутмын ахуйн хэрэглээний буюу хүнсний, эмчилгээний, урьдчилан сэргийлэлтийн гэж гурав ангилдаг. Хүнсний цай нь биед хоол хүнс, ундны хэрэгцээг хангадаг. Ургамлын гаралтай эмчилгээ, урьдчилан сэргийлэлтийн цайг өдөр тутам, эсвэл удаан хугацаагаар тогтмол хэрэглэж болохгүй. Тодорхой хугацаанд эмчийн хяналтан дор тогтоосон тун хэмжээгээр хэрэглэх нь зохимжтой.
- Янз бүрийн ургамлыг хольж цай чанаж болох уу?
- Цай болгон хэрэглэх ургамлуудыг зөв зохистой сонгохгүй бол ургамлын доторх зарим бодисууд бие биенийхээ хүчийг бууруулах, эсвэл хоорондоо урвалд орж хортой бодис ялгаруулах муу талтай байдаг. Харин ургамалд байх биологийн идэвхт бодис, хоорондоо нийцэх байдлаар нь зөв сонгож чадвал бие биеийнхээ хүчийг дэмжин, эрүүл мэндэд сайнаар нөлөөлдөг. Цай нь мэдрэлийг сэргээн биеийг тордон тэнхрүүлдэг гайхамшигт бүтээгдэхүүн. Энэ нь түүнд агуулагддаг кофеины үр нөлөө.
- Дотооддоо цайны ургамал тариалах боломж манайд бий юу?
- Цайны ургамал нь дулаан чийглэг уур амьсгалтай газар ургах боломжтой байдаг. Манайх уур амьсгал эрс тэс, хуурай байдгаас хамааран цайны ургамал тариалах боломжгүй. Харин эмчилгээний шугамаар ургамлыг хандлан эмчийн зааврын дагуу ууж болно. Хүн бүр уул хадаар явж эмийн ургамал түүгээд байх бололцоо бидэнд бага.
- Ургамлын цайг хонуулж хэрэглэж болох уу?
- Эхлээд хандаа бэлдсэн байх учиртай бөгөөд уух тухайн цаг бүртээ ханднаасаа тодорхой хэмжээгээр хийж ууна. Ургамлын цай биед сайн гээд байнга уух нь буруу. Халуунаар нь уух уу, хүйтнээр нь хэрэглэх үү гэдэг тухайн хүний сонголт. Гэхдээ нэмэлтээр элсэн чихэр хийж уух нь буруу. Хүнсний цай буюу сүүтэй цай, дүрдэг цайнд нэмэлтээр элсэн чихэр хэрэглэж болдог ч ургамлын цай нь эмчилгээний буюу урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэглэж байгаа учир үүнийг хориглодог.

Цайны ханд бэлтгэх арга:
 Жижиглэсэн ургамлыг шил буюу шаазан саванд хийж дээрээс нь буцлам халуун ус хийнэ. Хуурай ургамалд шингэхийг нь тооцоолж усыг шаардагдах хэмжээнээс 10-15 хувиар илүү хэмжээтэй хийгээрэй. Дараа нь хандлах савыг сайн таглаад буцалж байгаа устай саванд хийж 10-15 минут байлгана. Хандаа гаргаад 45 минут хөргөсний дараа шүүх хэрэгтэй. Бэлтгэсэн ханд нь дулаан газар хадгалвал хөгцрөх, гашлах, ялзрах зэргээр амархан мууддаг тул нэг, хоёр өдөр хэрэглэх хэмжээгээрээ бага багаар нь бэлтгэж, гэрэлгүй, сэрүүн газар хадгална.
 Өндөр хэмд тэсвэртэй биологийн идэвхт нэгдлийг агуулсан ургамлын хатуу үндэс, үндэслэг иш, мөчир холтос зэргийг чанамал ханд болгон хадгалж болно. Эдгээр зүйлүүдэд байгаа гол бодисуудыг хандлан авахын тулд удаан буцалгах шаардлагатай. Хандлалт өндөр хэмд удаан үргэлжилдэг учраас шим тэжээлээс гадна уураг, будагч бодис, аргаах бодис, давирхай болон дагалдах бодисууд хандад ихээр агуулагддаг.
 Хүйтэн аргаар чанамал ханд бэлтгэхдээ ургамлын түүхий эдийг хэрчиж нунтаглаад хандлах саванд хийж дээр нь хүйтэн ус хүрэлцэх хэмжээгээр нэмж буцлам устай усан халаагуур дотор хийж 30 минут буцалгаж гаргана. Үүнийхээ дараа тасалгааны хэмд 10 минут тавьж хөргөөд самбай, хөвөнгөөр хоёр дахин шүүнэ. Аргаах бодис агуулсан ургамлын хандыг халуунаар нь шүүж авна.
 Зэхмэл хийх – Жижиглэсэн олон зүйлийн ургамлын цэцэг, үр, жимс, үндэс, холтос, үндэслэг иш зэргийн хуурай холимог юм. Холих ургамлуудыг цэвэрлэж, тус тусад нь жигнэн авч жижиглэнэ. Дараа нь сайтар хольж хэрэглэх хэмжээгээр боож, уутанд хийж бэлтгэнэ.
М.Гэрэлтуяа

2 comments:

Alta said...

Цай гэснээс монгол сүүтэй цай байнга уухаар ходоодонд өнгөр үүсгэдэг гэж үнэн болов уу?
манайх бол байнга л хятад цай уудаг. Мэдээж ходоод цэвэрлэж хоол шингэлтэнд тустай гэдэг утгаараа л даа

Миний цаг said...

Янз бүрийн ургамал ногоог хандлаад цай болгож уух заавар байгаамаа. Тэрийг харин яаж оруулахаа сайн мэдэхгүй л байна.