1991 онд Хөгжим бүжгийн дунд сургуулийг төгссөн нэг ангийн 15 залуу Төв аймгийн “Морин эрдэнэ” чуулгад өөрсдийн хүсэлтээр очиж ажилласан гэдэг. Зах зээлийн хүнд хэцүү үед ардын урлагаа авч үлдэх гэсэн хүсэл нь тэднийг тийш хөтөлсөн биз ээ. 1993 онд “Санта лучия” компаниар дамжуулан Европын орнуудаар тоглолт хийж, 1994 онд Европын алдартай “Альфа культурацион” агентлагтай холбоо тогтоож, түүнээс хойш 16 жил “Эгшиглэн” хамтлаг дэлхийн олон орноор ардын урлагаа сурталчилан тоглолтоо хийсээр яваа ажээ. Өнөөдөр Германд төдийгүй дэлхийн олон оронд тус хамтлаг өөрийн гэсэн байр суурьтай болжээ. 2008 онд “Гэрэг” нэртэй цомгоо гаргаж, энэ цомог нь борлуулалтаараа Европын топ 10-т багтсан байна. Тус хамтлагийн морин хуурч Ж.Төмөрсайханыг эх орондоо ирээд байхад нь таарч цөөн хором ярилцлаа.
- Жилдээ цөөхөн хоног эх орондоо ирж амардаг гэж байсан. Өнгөрсөн жилийнхээс хэр их зүйл өөрчлөгдсөн байна вэ?
- Хямралтай байна гэж хүмүүс яриад л байх юм. Дан ганц монгол хямраад байгаа юм биш. Дэлхий тэр чигээрээ хөдөлгөөнд орчихсон байна. Дэлхий хол байхаа больжээ. Мэдээлэл маш хурдацтай тарж, хаана юу болж байгааг дэргэдээ юм шиг мэддэг больсон үе шүү дээ өнөөдөр. Бүхий л зүйл өөрийн гэсэн гольдролоор явах ёстой. Хөгжил ч гэсэн ялгаагүй. Харин манайхан бүх л юмыг монголчлох гээд үзээд байх шиг санагддаг. Гэхдээ монголчилоод хол явахгүй гэдэг нь одоо ойлгомжтой болж байх шиг. Авлига аваад, асуудлыг найз нөхдийнхөө хүрээнд шийдээд явдаг тал ажиглагддаг ч энэ нэг их удахгүй байхгүй болно. Бүх л зүйлс аажмаар гольдролдоо орж байгаа юм шиг санагддаг. Бидэнд маш их боломж байна. Нэг шинэ санаа олоод ажиллавал сайхан амьдрах боломж байна.
- Хотын соёл, хотын хөгжим гэж сүүлийн үед ярих болсон. Манай хот соёлжиж уу?
- Манайх жаахан замбараагүй л яваад байх шиг санагддаг. Ямар нэгэн зүйлд манлайлагч байх ёстой байх. Хоёр гурван жилийн өмнө монголд машинтай явахад их хэцүү байсан. Харин өнөөдөр хүмүүс хааяа ч гэсэн бие биедээ зам тавьж өгөөд, нөгөөх нь хариу гар даллаж баярлаж байгаа нь харагдаж байна шүү дээ. Тийм масс л олон болох болтугай. Бүх хүмүүс л биеэ сайхан авч яваад байхад хэн ч шүлсээ хаяад байхгүй шүү дээ. Одоо жүдо, боксын заал дүүрэн хүүхэдтэй болсон байна. Олимпийн медальтнууд тухайн салбартаа үлгэр дуурайл болж араасаа олон залуусыг дагуулж байна шүү дээ. Биеэ авч явах, иргэнших гэдэг ч үүнтэй адил.
- Иргэншихийн хэрээр сонсож байгаа дуу хуур, урлагийн мэдрэмж нь өөрчлөгддөг гэдэг. Ирээд урлагийн ямар нэг тоглолт үзэв үү?
- Тоглолт үзэж чадаагүй ээ. Гэхдээ манай ардын урлаг бол хаана ч дахин давтагдашгүй гайхамшигтай соёл. Урьд нь манай улсад ирж байгаагүй хүн “Уртын дуу, морин хуур, хөөмийг сонсохоороо юунд ч баригддаггүй тал нутаг, эрх чөлөө мэдрэгддэг” гэж хэлдэг. Харин манай орныг бага сага мэдэх хүмүүс нь “Уудам талын дундуур морьтойгоо давхиж яваа хүн төсөөлөгддөг” гэдэг. Тэд чинь хөгжмийн боловсрол, мэдрэмж нь айхтар. Тайзан дээр тоглож байхад чинь шууд зүрхэнд хүрдэг гэж хэлэх хүн ч бий. Өнөөдөр монголд аль хөдөлмөрлөсөн нь амжилтанд хүрч байна. Зохиолын дуучид зах зээлээ маш сайн мэдэрч байна. Дээр үед 17 чингэлэг спиртийн хэргийн дараа нэг кино гараад тэр үед шууруулж байсан. Одоо гаргавал хэн ч үзэхгүй. Зах зээл гэдэг угаасаа л ийм. Хүний ярианаас сонсоход, бас интернэтээр ганц нэг юм үзэхэд зохиолын дуучдын тоглолт ууц, тавгийн идээ тавьчихвал найр юм шиг. Хөдөөнөөс хүмүүс хотод их суурьшчихсан зах зээл байгаа гэдгийг нь мэдсэн зарим нэг хүмүүс фонограм тавиад ам барьдаг юм шиг байна лээ. Тэд ингээд нэг удаа мөнгө олдог л юм байгаа биз. Хоёр дахь дээрээ чадахгүй. Урлаг хатуу учраас сиймхийгээр нь чадваргүй хүмүүс орох боломжгүй. 1990-ээд оны эхээр биднийг ардын урлагийн хамтлаг байгуулаад явж байхад ойлгодог, сонсдог, энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хүн бараг байгаагүй. Одоо хичнээн олон сайхан хамтлагууд бий болж, гадаад дотооддоо үндэсний урлагаа харуулж, сурталчилж байна. Болох юмнууд нь цагийн шалгарлаар үлдээд, болохгүй зүйлүүд нь хаягдаад гээгдээд мартагдана.
- 16 жил хүний нутагт амьдарсан хүний хувьд энэ л бидний давуу тал юм даа гэж бодогддог зүйл тань юу вэ?
- Монголчууд их өөдрөг. Нэг герман эр 1996 онд монголд ирээд явсныхаа дараа надад “Хүн зурагтгүй, хөргөгчгүй, угаалгын машингүй амьдарч болдог юм байна. Хөдөө, байгал нь их сайхан юм. Голын эрэг дээр цамцаа угаалаа. Өнгө орсон ч юм уу үгүй ч юм уу” гэж байсан. Хөгжилтэй орны хүмүүс хүмүүс амьдрахад ийм ийм зүйлүүд заавал байх ёстой гэсэн ойлголттой байхад монголчууд бид байгал дэлхийтэйгээ их ойрхон амьдарч, бүх зүйлийг өөрсдөө зохицуулдаг улс. Бид юу ч үгүй байхад сайхан амьдарч чадаж байгаа юм чинь хөгжилтэй, юмтай газар очихоороо бүүр ч сайхан амьдарч чаддаг. Гэхдээ ажаад байхад манайхан нутагтаа байхаараа залхуу, бүгдээрээ дарга болох гээд байдаг хэрнээ гадагшаа гарахаараа яаж ажилладаг гэж бодно. Үнэхээр гайхалтай, бахархамаар
М.Гэрэлтуяа
НАМИРАА САЛХИ (Өгүүллэг)
1 year ago
1 comment:
manaihan ug n gaiguishdee. hehe.
Post a Comment