Монголд анх удаа тархины гүний буюу гуравдугаар ховдлын хавдрыг авах мэс заслыг амжилттай хийлээ гэж сонсоод, мэс заслыг гардаг гүйцэтгэсэн “Ачтан” эмнэлгийн эмч Ц.Энхбаяртай уулзахаар зорьлоо. Энэ төрлийн хавдар ховор тохиолддог бөгөөд гадагшаа явж эмчлүүлэхэд асар их зардал шаарддаг ажээ. Өмнө нь манайд энэ төрлийн мэс заслыг хийх боломжгүй байсан бол тус эмнэлэг техник тоног төхөөрөмж, өндөр хүчин чадалтай микорскоп оруулж ирснээр энэ төрлийн хагалгааг хийх боломжтой болсон байна.

- Тархины гүний мэс заслыг анх удаа хийсэн гэж сонслоо. Мэс заслын өмнөх болон дараах байдал ямар байна?
- Гурван настай хүү манай эмнэлэгт ирэхдээ ухаангүй байсан. Олон эмнэлэгт үзүүлэхэд “Монголд эмчилэх боломжгүй, гадагшаа явж мэс засал хийлгэ” гэж зөвлөсөн байсан. Тэгээд ЭНЭШТ-д хэвтэн эмчлүүлж байгаад, гэр бүлийнхэн нь гадуур мөнгө хөөцөлдөж байсан юм билээ. Энэ хугацаанд хүүхдийн бие муудаж, “Хүүхдийн төлөө за гэж хэлье” төвд эмчлүүлж байсан юм билээ. Тэр үедээ хүнээс “Ачтан” эмнэлэгт мэс засал хийж магадгүй гэж дуулаад авчирсан. Ухаангүй, тархи дарангуйлагдсан байдалтай, тархины усжилт ихтэй ирж, бид шуурхай зөвлөгөөн хийгээд, мэс засал хийхээр шийдсэн. Мэс засал амжилттай болж хүү найм хоноод эмнэлгээс гарсан. Хоргүй хавдар байсан бөгөөд бүгдийг нь авч чадсан.
- Ер нь тархины хорт хавдар манай оронд хэр их тархалттай байгаа вэ? Шалтгаан нь юу вэ?
- Ганцхан тархиных гэлтгүй хавдар ихсэж байна. Энэ нь олон төрлийн шалтгаантай. Тархины хавдар бол байрлалаасаа хамаараад янз бүр байдаг. Гадаргуугийн байрлалтай буюу амьдралын чухал эрхтний төвөөс хол байрлалтай хавдруудыг мэс заслын аргаар эмчлэхэд харьцангуй хялбар. Яг үүнээс болж хавдар үүсч байна гэж эрдэмтэд хэлж чадахгүй л байна. Өвчний үүсэл шалтгаан вирус гэж үздэг байсан үе өнгөрсөн. XXI зуун бол сэтгэхүйн эрин. Бид нэг л орчин нөхцөлд амьдарч байна. Гэтэл зарим нь өвдөөд, зарим нь өвддөггүй. Үнэхээр вирусээр үүсгэгдээд байгаа юм бол бүгдээрээ өвдөх нь яасан юм бэ? Тэгэхээр хамгийн чухал зүйл нь хүний амьдралын хэв маяг, зан үйл болж таарч байгаа юм. Элдэв хорт зуршилгүй, эрүүл хоол хүнс хэрэглээд, ажил амьдралаа зөв зохицуулж, бухимдлаа зөв тайлж чадаж байгаа эсэхээс өвчин тусах тусахгүй нь хамаардаг. Нэг үгээр хэлбэл тухайн хүний дархлаа ямар байгаагаас өвчлөх магадлал хамаарч байгаа хэрэг. Нийгэм бүхэлдээ стресс, бухимдалтай, экологийн тэнцвэр алдагдаж байхад үүнд дасан зохицох чадвар хүний дархлааны системд байдаг. Дархлаа ямар байх нь сэтгэл зүйтэй холбоотой. Сэтгэл зүйн зөв төлөвшил, хүмүүжилтэй дээр нь ажил амралтаа зохицуулаад өөртөө таарч тохирох хүнсийг хэрэглэвэл дархлаа сайн л байна. Сэтгэл нь төвшин, тогтвортой хүн өвчин тусдаггүй, туслаа ч хурдан эдгэрдэг. Буруу хооллолт, стрессээсээ гарч чадахгүй байгаагаас дархлаа сулардаг. Дархлаа сулрахаар бэлэн байгаа вирусууд биеийг амархан өвчлүүлдэг.
- Байнга ам цангах, толгой янгинаж өвдөх нь тархины хавдрын шалтгаан гэж сонссон. Энэ хэр үнэний ортой вэ?
- Энэ шинж тэмдгүүд нь маш олон шалтгаантай. Толгойны эм авч ууя гэж эмийн сан руу гүйхээсээ өмнө эмчид хандах хэрэгтэй. Заавал өвчин тусаад толгой өвдөх албагүй. Ажлын зохион байгуулалт, хэт ачаалал, дадал зуршлаас хамаарч түр зуур толгой өвдөх нь бий. Ямар ч өвчнийг эмчилнэ гэдэг шалтгааныг нь олох. Эмчилгээний чанар, эмч нарын чадвар сайжирч байгаа ч өвчлөл буурахгүй байна. Юунаас болоод өвдөөд байгаа шалтгааныг нь л олохын тулд судалгаа, шинжилгээ хийх хэрэгтэй. Миний хувьд нийгмийн талын шалтгаанууд давамгайлж байна гэж үздэг. Өөрийгөө хамгаалахын тулд спортоор хичээллэж, бие биенээ ойлгодог, дэмждэг, харилцан ярилцдаг байх хэрэгтэй. Бид далан жил гараа угаа гэж ярилаа. Хүн болгон гараа угаадаг, цэвэр байх хэрэгтэй гэдгийг мэддэг. Харин одоо бид сэтгэлээ яаж угаах вэ, стрессээ яаж тайлах вэ гэдгийг ярих цаг болсон. Өвчлөлийн шалтгаан үүнээс л үүдэлтэй.
- Тархины хавдраар өвчилсөн үед ямар шинж тэмдэг илэрдэг вэ?
- Шинж байдлаасаа хамааран янз бүрээр илэрдэг. Захын байрлалтай, хоргүй, удаан явцтай хавдар эхэн үедээ мэдэгдэхгүй. Нэлээн том болж байж гэнэт ухаан алдаж унах юм уу, дотор муухайрч, огиудас хүрэх, оюун ухаан сулрах байдлаар илэрдэг. Харин хортой хавдар бүүр жижигхэн байхдаа ч мэдэгддэг. Толгой өвдөх, өглөөгүүр дотор муухайрах, бөөлжих, тархи толгой дүнхүүрээд байх юм бол мэдрэлийн эмчид хандаж байх хэрэгтэй.
- Энэ төрлийн мэс заслын өртөг маш өндөр гэж сонссон. Манайд үнэ өртгийн хувьд ямар байна? Цаашид бууруулах болоцоо бий юу?
- Сая хагалгаа хийлгэсэн хүүхэд гадагшаа явж эмчилгээ хийлгэхэд 70 мянган доллар хэрэгтэй гэж байсан. Манайх хагалгааг 2,5 сая төгрөгт багтааж хийсэн. Баян боломжийн амьдралтай хүмүүс нь гадагшаа гарч эмчилгээгээ хийлгэдэг. Бид дундаж төвшний хүмүүст л үйлчилгээ үзүүлж байна. Нийгмийн бүхий л хэсэгт хүртээмжтэй үйлчилж чадахгүй байгаа нь үнэн. Эмч хүнийхээ хувьд үнэ хөлсийг бодохоосоо илүүтэй, гарах үр дүнг нь харж байна. Зөв оношилж, зөв эмчилж, хурдан эдгээх нь чухал. Тэгээд ч урьдчилан сэргийлэлт муу байгаагаас хүмүүс мэс засал хийлгэх хэмжээнд хүртлээ явж байгаа нь сэтгэл эмзэглүүлж байна.
- Гадагшаа гарч эмчлүүлэх нь илүү үр дүнтэй гэсэн ойлголт нийгэмд бий болж байна. Үүнд эмч нарын ур чадвар, техник тоног төхөөрөмжийн хүчин чадал нөлөөлж байгаа. Монголд эмчилгээ оношлогоог сайжруулахад хамгийн түрүүн юу анхаарах ёстой вэ?
- Жилд манайхаас 40 мянган хүн гадагшаа эмчилгээ, оношлогоо хийлгэхээр явж байна гэсэн судалгаа байдаг. Манай эмч нар ур чадвар, мэргэжлийнхээ төвшнөөр хэний ч доор орохгүй, гэтэл багаж тоног төхөөрөмж дутмаг. Өнөөдөр манайд эмнэлгийн үйлчилгээг хувийн хэвшил авч явж байна гэхэд хэтрүүлэг болохгүй. Хувийн эмнэлгүүд сайн эмч нарт өндөр цалин өгч, шаардлагатай багаж тоног төхөөрөмжийг оруулж ирж байна. Гэтэл хүн болгон хувийн эмнэлгээр үйлчлүүлж чаддаггүй. Улсын эмнэлэг янз бүрийн замаар орлого олж байгаа ч мөнгөө юунд зарцуулж байгаад нь тавих хяналт байхгүй. Үүнийг зөв гольдролд нь оруулж чадах юм бол улсын эмнэлэг ч техникийн хувьд дэлхийн жишигт хүрэх боломжтой. Анхнаасаа зөв замаар явсан бол өдийд манай эмнэлгүүд дэлхийн жишигт хүрчих байсан. Эх орондоо, ээж аав элгэн садныхаа дэргэд эмчилгээ хийлгээд эдгээд явах чинь тухайн хүнд ч гэсэн сайхан байна шүү дээ. Манай эрүүл мэндийн даатгалын тогтолцоо шал түүхийгээрээ байна. Эрүүл байгаа хүмүүсийн даатгалд өгч байгаа мөнгийг өвчтэй нь хэрэглэж байна. Тэгээд ч өвчтэйд нь ч даатгал нь үйлчлэхгүй байна.
М.Гэрэлтуяа

3 comments:

Хүслийнжигүүр said...

hehe. ymar ch bsan mend medeed garah gsn

зэрэглээ said...

mend ho.

Миний цаг said...

Зэрэглээ минь яагаад ор сураггүй алга боцров?