Солонгост очиж ажиллаад амьдрал ахуйгаа дээшлүүлчихье гэсэн иргэдийн цуваа тасраагүй л байна. Энэ дугаарынхаа зочноор БНСУ-аас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Жон Илийг урьж хоёр орны харицаа, тус улсад сурч, ажиллахаар гарах боломж хэр байгаа талаар ярилцлаа.
- Та манай улсад элчин сайдаар томилогдож ирээд сар гаруй болж байна. Элчин сайдын албыг хаших гурван жилийн хугацаанд аль салбарт түлхүү анхаарал хандуулах вэ?
- Хоёр талаас ярилцаж тохиролцож байгаа зүйлүүд олон бий. Гэсэн ч ярихаасаа илүү хийж бүтээсэн зүйл харилцаанд маань бага байна. Би монгол судлаач ч юм уу, монголын талаар сайн мэддэг хүн биш. Гэхдээ элчин сайдаар томилогдож ирээд сар гаруйн хугацаанд монголтой танилцаж, бага багаар танилцаж байна. Монгол болон Солонгос хүмүүс бие биедээ холын хүмүүс шиг санагддаггүй, ах дүү хамаатан садан шиг ойр дотноор бие биенээ хүлээн авдаг. Монголчуудын дэлхийд гарах гарц хязгаарлагдмал ч Солонгос улс харьцангуй нээлттэйгээр харилцдаг. Монголчуудад манай улс гадаадын иргэн гэдэг утгаар нь Ойрх дорнод, Зүүн хойд азийн орнуудын нэгэн адил ханддаг. Солонгосын томоохон үндэстэн дамнасан корпорациуд монголын талаар бараг мэдэхгүй. Тэгэхээр элчин сайдаар ажиллах гурван жилийн хугацаандаа Солонгосын томоохон компаниудыг монголд хөрөнгө оруулах орчныг бүрдүүлж, тэднээр дамжуулан монголыг сурталчилах зорилготой байгаа. Хоёр орны Засгийн газар харилцаагаа тэлэх, өргөжүүлэх бодлого баримталж ирсэн. Харилцаа хөгжих, хоорондоо олон дахин харьцахын хэрээр аар саар зөрчил гарна. Би монголд ирснээсээ хойш хэвлэл мэдээллийн хэрэгслээр солонгос улстай холбоотой нийтлэлүүдийг уншлаа. Сайн мэдээ ховор харагдаж байна. Хэвлэл мэдээллийн хэрэгсэл нийгмээ авч явах, хандлагыг тодорхойлох хөшүүрэг нь байдаг. Өнөөдрийн алдаа дутагдлыг дөвийлгөхөөсөө илүү болж бүтэж байгаа сайныг нь сурталчилаад, болохгүй байгаа зүйлийг нь нээлттэйгээр хэлэлцдэг байх нь зүйтэй. Хоёр орны харилцааг ерөнхий төвшнөөр нь авч үзвэл сайн явж байгаа.
- Монголчууд хүссэн үедээ Солонгост зорчдог болоход юу саад болж байна гэж та үздэг вэ?
- Манай хоёр улсын харилцаа түүхэн урт хугацааны туршид нягт байсан. Цаашдаа алс ирээдүйгээ харсан бодлого явуулах нь зүйтэй. Эхний ээлжинд иргэдийг визний хөнгөлөлттэй нөхцлөөр Солонгост зорчих гэрээнд гарын үсэг зурсан. Энэ нь цаашдаа визгүй зорчиход томоохон алхам болно. Нөгөө талаас улс хоорондын агаарын хэлэлцээрт ахиц гарч чадахгүй байгаа нь хоёр улсын иргэд харилцан чөлөөтэй зорчиход саад болж байна. Манай талаас нэг нислэгийн суудлын тоог нэмэгдүүлье гэсэн санал гаргасан байгаа. Харин монголын тал үүнийг цаг хугацааны хувьд хараахан болоогүй 2010-2013 онд энэ ажлыг хэрэгжүүлье гэсэн байр суурьтай байна. Дэлхийн эдийн засгийн хямрал нөлөөлж, улс хооронд зорчих иргэдийн тоо цөөрсөнтэй ч ирээдүйд хоёр орны хооронд зорчих иргэдийн тоо нэмэгдэнэ, яваандаа визгүй зорчино гэх юм бол одооноос бэлтгэл маягаар арга хэмжээ авах нь зүйтэй. Солонгос улсад 30-90 хоног визгүй зорчих гэрээ байгуулсан 87 орон бий. АНУ-тай саяхан харилцан визгүй зорчих гэрээ хэлэлцээр хийсэн. Энэ нь урьдчилан тухайн хүнийг шалгаж, биодата буюу гар хурууны хээгээр уншдаг паспорттай болох гэсэн нөхцөл заасан байгаа. Тэгэхээр монголчууд ч гэсэн манай улсад визгүй зорчих боломж бүрдэх боломжтой.
- Сурч ажиллахаар олон хүн Солонгос орныг зорихыг хүсдэг. Гарц боломж хэр байдаг вэ? Визний хугацааг сунгахад уян хатан бодлого баримтлах боломж бий юу?
- Монголоос солонгост суралцаж байгаа 3200 орчим оюутан байдаг. Үүнээс магистр болон докторт 1800 орчим, хэлний бэлтгэлд 1400 гаруй оюутан суралцаж байна. Докторын зэрэг хамгаалахаар, мөн Засгийн газрын тэтгэлэгээр суралцаж байгаа оюутнуудад олон удаагийн виз олгодог. Оюутнуудад, тэр тусмаа хувийн зардлаар суралцаж байгаа хүмүүс долоо хоногт 24 цагийн ажил хийх боломжтой. Бакалавр болон магистрт суралцаж байгаа бол нэг семистер, харин хэлний бэлтгэл бол зургаан сар сурсны дараа ажил эрхлэх боломж нээгдэнэ. Нарийн мэргэжлийн бус ажилчид 15 мянга орчим байдгаас 12 мянга орчим нь хуулийн дагуу хөдөлмөр эрхэлж байна. Харин хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа хүмүүс гурван жилийнхээ хугацааг дуусгаад ажил олгогч нь хүсэх юм бол хугацаагаа хоёр жилээр сунгах боломжтой. 2008 оны сүүлийн хагасын байдлаар авч үзэхэд сар тутам 200-300 хүн гэрээний хугацаагаа дуусгаад дахин хоёр жилээр ажиллахаар визээ сунгуулж байна. Зөвхөн солонгос гэлтгүй аль ч хил гааль, гадаадын иргэн харъяатын газрууд хатуу чанга дүрэм журмаар ажилладаг. Монгол Улсад ажиллаж, амьдарч байгаа аль ч орны иргэдийг гадаадын иргэн харъяатын албанаас хууль бус байгааг нь тогтоож албадан гаргах эрхтэй. Үүнтэй нэгэн адил манай улс ч бас хууль бусаар амьдарч байгаа хүмүүсийг албадан гаргадаг. Монгол иргэдийг тусд нь авч үзэх боломж байхгүй шүү дээ.
- Дэлхийн эдийн засгийн хямралтай холбоотойгоор гэрээгээр болон “хараар” ажиллаж байгаа монголчууд ажилгүй болж байгаа тухай мэдээлэл дуулддаг. Цаашид манай улсаас ажиллах хүч авах тал дээр Солонгос улсын засгийн газар ямар бодлого, байр суурьтай байгаа вэ?
- Өнгөрсөн жил манай улсад хямрал эдийн засагт нөлөөлөхөөр хэмжээнд мэдрэгдээгүй. Харин энэ жилийн хувьд санхүүгийн хямрал дэлхий нийтийн хувьд санаа зовоосон зүйл болоод байна. Үүнтэй уялдуулан манай улсын бодлого ч өөрчлөгдсөн. Ерөнхий сайдаар ахлуулсан гадаадын иргэн харъяатын бодлогын хороо ажиллаж эхэлсэн. Урьд нь гадаадын ажилчдыг авахдаа улс тус бүрээр нь квот тогтоодог байсан. 2008 онд нийтдээ 40000 хүн гаднаас авна, үүний найман мянгыг нь монголоос авна гээд тодорхой заачихдаг байсан. Харин энэ жилээс эхлэн улс тус бүрээр квот тогтоохоо больж, нийтдээ тийм хэмжээний ажилчин авна гээд тоо гаргасан байгаа. Ерөнхийдөө гаднаас авах ажилчдын тоо ойролцоогоор 50 хувь буурна. Монголоос Гадаадад ажиллах хүч илгээх төвөөр дамжин Солонгос руу ажиллахаар явж байгаа хүний тоо бусад оронтой харьцуулахад бага байна. Эндээс явж байгаа хүмүүс ихэвчлэн жижиг дунд үйлдвэрлэлийн салбарт ажилладаг. Тэгэхээр ажил олгогч эзэн ямар хүн авахаа шийддэг. Солонгосын ажил олгогчид монгол хүн авахаасаа илүү тайланд, зүүн өмнөд азийн орны иргэдийг авах сонирхолтой байдаг. Монголчууд ажлын таван өдөр тасралтгүй ажиллах ёстой байтал хоногоор ажлаа хаяж явах, өөр цалин сайтай ажил хайгаад алга болох тохиолдол гардагтай ч энэ асуудал холбоотой. Элчин сайдын хувьд хэлэхэд Солонгос улсад гэрээгээр ажиллахаар явж байгаа иргэд анхнаасаа тууштай байж ажил хөдөлмөрөө эрхлэн, хууль дүрмээ сахиад, журмынхаа дагуу хоёр жил сунгуулаад яваасай гэж боддог.
- Гэрээгээр ажиллахаар явж байгаа монголчууд эрүүл мэндийн үзлэгт ороод явдаг. Харин хэсэг хугацаанд ажиллаад эргэж ирж байгаа хүмүүсийн эрүүл мэндийг хоёр тал анхаарч үздэггүй. Энэ тал дээр ямар бодолтой байна?
- Гэрээгээр ажиллаж байгаа ажилчид эрүүл мэндийн үзлэгт жил болгон хамрагддаг. Эрүүл мэндийн үзлэгийнх нь зардлыг Солонгосын эрүүл мэндийн корпорац гаргадаг. Ажил олгогч ажилтан хоёр харилцан тохиролцоод эрүүл мэндийн даатгалд даатгуулдаг. Мэргэжлийн өвчин, ажиллах орчноос шалтгаалсан гэмтэл, үйлдвэрлэлийн осолд ороход цаг тухайн үед нь солонгост эмчлүүлэх эрхтэй. Нөгөө талаас Монгол Улсын Засгийн газар энэ асуудалд анхаарал хандуулахгүй байгаатай ч холбоотой. Осол гарах тохиолдол бүрт нь арга хэмжээ аваад байх боломж өнөөдөр бүрдсэн.
- Монгол Улс БНСУ болон Хойд Солонгостой дотно харилцаатай байдаг. Хоёр Солонгосын харилцааг сайжруулахад Монгол Улсын зүгээс ямар арга хэмжээ зохион байгуулаасай хэмээн бодож байна вэ?
- Саяхан Хойд Солонгос пуужин хөөргөлөө. Энэ үйл явц дэлхий нийтийн анхаарлыг татаж, НҮБ-ын аюулгүй байдлын зөвлөл хэлэлцэж байна. Манай талаас ч гэсэн АНУ, Япон, ОХУ, Европын холбоотой энэ асуудлаар уулзаж ярилцсан. Хойд Солонгос пуужин хөөргөснөөр БНСУ болон Японы цэргийн зардал, стратегийн тэнцвэрт байдал алдагдахад хүрнэ. Ингэхээр энэ нь зөвхөн хоёр Солонгосын асуудал бус энэ бүс нутгийн аюулгүй байдалтай холбоотой. Саяхан энэ асуудлаар Монгол Улсын гадаад харилцааны яамны албаны хүмүүстэй уулзсан. Монголын талаас энэ асуудалд сэтгэл зовниж, зүүн хойд азийн аюулгүй байдлыг хангах, энх тайвны замаар шийдвэрлүүлэх гэсэн бидний байр суурьтай ижил байгаагаа илэрхийлсэнд баяртай байна. Өмнөд хойд солонгос өнөөдөр хуваагдсан хэдий ч өдгөөгөөс зуу хүрэхгүй жилийн өмнө нэг улс байсан. Солонгосын хойг, Манж, Монгол гээд эх газраараа нэгдмэл, нягт харилцаатай явж ирсэн. Хэдийгээр хойд солонгос пуужингаар сүрдүүлж байгаа ч гэсэн манай өмнөд солонгосын тал маш тэвчээртэй, хүлээцтэй хандаж байгаа. Цаашдаа ч гэсэн хоёр солонгосыг нэгтгэх үйл явц энх тайвны замаар шийдэгдэнэ гэдэгт итгэж байна.
М.Гэрэлтуяа
НАМИРАА САЛХИ (Өгүүллэг)
1 year ago
1 comment:
Сэтгэгдлээ бичиж байгаадаа баяртай байна.Би солонгос оронд хайртай.Учир нь 2000 онд нөхрийн хамт энэ орныг зорьж бусдын адил ажил хийж мөнгө хурааж ирсэн.ҮҮний хүчээр бидний амьдрал эрс дээшилж одоо хүүхдүүд минь бүгд гадаадад сурч байгаа. Нөхөр минь Солонгосоос ирээд бурхан болсон ч тэр бас энэ оронд элэгтэй байсан үргэлж ярьдаг байсан юм. Саяхан би 3 сарын визтэй явах гэж байгаад хил дээрээс буцчихсан.Та өмнө нь байсан уу гэхээр харлаж байсан болохоор баривчлах нь гэж үхтлээ айж үгүй гээд худал хэлчихсэн. Тэгээд л хил дээрээс буцаад ирсэн. Тэгэхэд сэтгэлд дотно нэг л сайхан байж билээ.Удахгүй дахин визэнд орно.Яагаад гэвэл тэр үед ажил хийсээр байгаад ядраад юу ч үзэж чадаагүй ирсэн юм.За түр баяртай сэтгэлд дотно Солонгос орон минь. Би, бид миний хүүхдүүд чамд хайртай. Дэ Хамин Гүг.
Post a Comment