Showing posts with label Уншуулмаар.... Show all posts
Showing posts with label Уншуулмаар.... Show all posts

Хүн биш хүүхэд
Найзын маань дүү дүрслэх урлагийн сургууль төгсөөд ажилд орохоор болсон юм. Энэ тухай найз маань их л баярлангуй ярьж, бид ч хүүхдийн номын зураг зурдаг хүн ховор, насных нь онцлогт тохируулаад сайн зураг зурвал “од” болох магадлалтай гэж ирээд л хэсэг ярилцаж байлаа. Харин саяхан нөгөө залуутайгаа тааралдсан чинь ажлаасаа гарчихаж. Яагаад гэж асуувал “Багш маань хүүхдийн номын зураг зурснаас уран бүтээлээ хий гэж загнасан” гэдэг байгаа. Хүүхдийн ном тэгээд уран бүтээл биш гэж үү? Дээхнэ нэг цэргийг автобусанд суусан чинь нэг хүн “Наадах чинь хүн биш цэрэг явж байна” гэсэн гэдэг. Түүнтэй хүүхдийн гэсэн тодотголтой бүхэн хүн биш хүүхэд юм чинь юу ч байсан яадаг юм бэ гэсэн хандлагаар яваад байгаа юм шиг санагдаад... Бид хүүхэддээ хайртай, хайртай, монголын үрс маш олон болог, хүүхдийн төлөө за гэж хэлье гэж аман дээрээ ярьдагаас биш яг амьдрал дээрээ дандаа ад шоо үздэг юм шиг. Магадгүй танд энэ үг таалагдахгүй байж болох юм. Нарны хаан хүүхэд хөөрцөглөхөөсөө өмнө БИД ХҮҮХЭДДЭЭ ХЭРХЭН ХАНДДАГ ВЭ? гэсэн сэдвээр ярилцъя.


Ж.Саруултуяа: Завгүй гэдэг “сайхан” үг
Би ганц хүүхэдтэй. Хүү маань Налайхад өвөө эмээтэйгээ амьдардаг юм. Амралтын өдрүүдээр заавал очно доо гэж бодсоор сүүлийн сар гаруйн хугацаанд очиж чадахгүй л байна. Чадахгүй ч гэж дээ... Ажил төрөл болохгүй эсвэл найз нөхөдтэйгээ уулзах гээд нэг л болж өгөхгүй байна. Хүүхдийн баяраар л нэг очно доо. Хааяа нэг утсаар ярихаар “Ээж, аав та хоёр хэзээ ирэх юм бэ?” гэж асуудаг. Бид ч “Зав болохгүй байна. Завтай бол гүйгээд л очмоор байна” гэдэг. Энүүхэн хоёрын хооронд юу байхав дээ гэж боддог ч яг цагаа тулахаар дараа долоо хоногт л очъё гэлцээд л өнгөрдөг дөө. Урд нь хамт байдаг байхдаа ч олигтой зав гаргаж байгаагүй юм байна. Найз нөхөдтэйгөө уулзах, аялал зугаалга болохоор ажлаа яаж ийгээд зохицуулчихаад аавынд аваачаад өгчихдөг байсан.
Аав ээжээрээ хүүхдээ харуулдаг хүмүүс цөөнгүй байдаг. Залуухан хосууд орох оронгүй, ажил төрөл дээрээ байр сууриа эзлээгүй гээд үүнийгээ зохицуулчихаад хүүхдээ өөрсдөө хүмүүжүүлнэ гэж их ярьдаг. Манай найз нөхөд дунд ийм хүн олон байгаа. “Завгүй”, “Өдөржингөө ажилтай байгаад ядарлаа” гэдэг үгс яг амны уншлага шиг. Гэхдээ олон ангит сериал, хөл бөмбөгийн тоглолт үзээд хэдэн цагаар телевиз ширтээд суухаараа завтай л байдаг шүү дээ. Хүүхдээ ээж аавдаа даатгачихаагүй нэг нь өглөө цэцэрлэгт нь хүргэж өгөөд л “мартдаг”. Сургууль цэцэрлэгээс нь авчираад халтар хултар хичээлийг нь давтуулсан болчихоод л түүгээрээ ээж аавынхаа үүргийг хангалттай биелүүлж байна гэж ойлгодог. Телевиз үзээд сууж байхад хүүхэд чинь ирээд юм асуувал “Цаашаа. Хүн юм үзүүлэхгүй” гэж ирээд л бухимдаж байсан үе танд байгаа л байх. Тэгсэн хэрнээ хүүхдийн хүмүүжил хэмээн том том юм ярьж, одоогийн хүүхдүүд хүнээ байж гээд өөлж гоочлохдоо сайн. Харин баруунд хүүхдээ хүмүүжүүлье гэвэл цаг зав гарга, чадахгүй бол битгий олон юм ярь гэсэн зарчим үйлчилдэг. Хүүхдийнхээ төлөө явж байна гээд зөнд нь хаячихдаг, санахаараа чихэр боовоор “хуурдаг” биднээс тэс өөр дүр төрх харагдаж байгаа биз. Хүн болох багаасаа гэж их ярьдаг. Энэ үгээр бол хүн болох эх суурь нь тавигдаж байгаа цэцэг цэврүү шиг тэднийг маш сайн анхаарч, зааж сургаж, үлгэрлэх ёстой юм шиг. Гэтэл одоо амьдрал дээр харахад шал өөр.
- Аав энэнийг хар даа гоё байгаа биз?
- Миний хүү цаашаа явж тогло. Аав нь ядраад байна.
- Аав нь өдөржингөө ажилтай байсан болохоор ядарч байгаа. Ээжийн хүү битгий аавыгаа ээрээд бай. Явж тогло.
Иймэрхүү яриа оройдоо нэг өрнөнө. Нэг л их ажилтай хүн. Их сайхан зантай үедээ “Миний хүү шинэ дуу сурсан уу? Цэцэрлэгийнх нь багш ямар шүлэг заав?” гэж ирээд л дуулуулж, бүжиглүүлнэ. Нэг үгээр хэлбэл стрессээ тайлах маягаар хүүхдээ тооно. Бусад үед нь юун чамтай манатай, илүү чухал зүйл байна гэсэн шүү хандлага гаргана. Тэгээд ч том хүн том хүнтэйгээ ярьдаг. Жижиг хүнд асуудал байхгүй. Тэд юу мэддэг юм, юу ч бодохгүй гэж итгэдэг. Тэр нь бүр яс маханд маань тогтчихсон үзэл. Манай сэтгүүлийн 71-р дугаарт “Би хүүхэдтэйгээ ойлголцохгүй нь” гэсэн нийтлэл гарч байсан. 16 настай охин нь жирэмсэн болж зулбуулах эм хэрэглэн, эмнэлэгт хүргэгдсэн тухай нэгэн ээжийн яриа байгаа. Жижигхэн байхад нь тоохгүй, ярихгүй байвал томрох тусмаа бүхнээ ээж ааваасаа нуудаг юм байна шүү гэдгийг тэр ярианаас ойлгож авч билээ. Гурав, дөрөвхөн настай юм чинь хүүхэлдэйн кино үзээд, тоглоом эвлүүлээд, чимээгүйхэн байж байвал хангалттай гэж боддог бидний алдаанаас болж хожмын өдөр хүүхдүүд маань буруу алхам хийж байгаа юм шиг.
Юу ч мэдэхгүй юм чинь...
Зургаан сартай хүүхдэд зориулсан ном гэж сонсоод нүд орой дээрээ гарах шахав. Нялх хүүхэд юу ч мэдэхгүй. Дэргэд уурлаж, хашгирч орилж болно. Тэрэнд ном уншиж өгсөн ч, зураг харуулсан ч юу ч ойлгохгүй. Учиргүй өлсгөчихгүй л бол... гэсэн бодол байдаг болохоор жаахан хүүхдэд зориулсан ном гэхээр гайхах хүн надаас эхлээд өчнөөн таарна. Ном битгий хэл тоглоом сонгохдоо ч ач холбогдол өгдөггүй. Эрээн мяраан, энд тэндээ цацаг чимэгтэй бол аваад л өгчихнө. Тоглоомоор дамжуулж хүүхэд эд юмсыг танин мэддэг гэж бодох ч үгүй. Гэхдээ “Хүүхэд жаахан юм чинь, юу ч мэдэхгүй юм чинь ямар хамаатай юм бэ?” гэсэн хандлагыг бид санаатайгаар гаргадаггүй. Гэхдээ л байгаа байдал, үйл ажлаараа харуулаад байдаг шүү дээ. Малчид үр хүүхэддээ тэр болгон бүгдийг тайлбарлаад байх шаардлагагүй. Гэрт болж байгаа бүхнийг хүүхэд өөрөө харж, ишиг хургатай хөөцөлдөж, хүрээлэн байгаа орчинтойгоо шууд харьцдаг. Гэтэл хот гэсэн энэ зохиомол орчинд хүүхдийг багаас нь хүмүүжүүлэх цогц төлөвлөгөө хэрэгтэй болоод байна. Хүн мэдэхгүй юмныхаа дайсан нь гэдэг дээ. Юмыг танин мэдүүлэхийн хамгийн эхний учиг нь хүүхдийн хувьд тоглоом, бас ном байдаг. 0-1 насныханд зориулсан номыг хараад үнэхээр сайхан юм хийжээ гэж бодогдож байлаа. Жаахан хүүхэд барьж байгаа болгоноо ам руугаа хийдэг. Зузаан нягт цаастай болохоор амандаа хийгээд шүлсдсэн ч яах ч үгүй, тэгээд бас тасраад ам руу нь орчих вий гэж санаа зовохооргүй. Хуудас нь эргэх бүрт өөр өөр зураг. Өөрийн эрхгүй баярлаад л байна.
Саяхан охиндоо нэг ном авч өглөө. Гялгар хавтастай их л сайхан санагдсан болохоор нь дотор нь юу байгааг нь ч анзааралгүй авч орхилоо. Охин маань харин нэг л удаа нээж үзээд тоогоогүй хаячихсан. Хүн юм авч өгч байхад гээд л би баахан гомдоллов. Харин өөдөөс “Наад ном чинь эрэгтэй хүүхдийн ном байна” гэж хэлэхээр нь анзаараад үзлээ. Нээрээ л үлгэрийн баатруудаас нь өгсүүлээд, зураг хөрөг нь манай охины хүсэл сонирхлоос өөр байв. Ингээд бид ном л бол ном гэж ойлгож болохгүй, нас, хүйс, дур сонирхол гээд олон зүйлийг нь бодож байж хүүхэддээ ном авч өгөх хэрэгтэй юм гэж бодох боллоо. Найман настай хүүхэд хараад ойлгож уншиж байгаа зургийг нэг настай хүүхдэд үзүүлж таарахгүй. Бүүр бага насны хүүхдэд хамгийн их харсан, ойрхон зүйлүүдийг нь харуулж тэрүүгээр нь дамжуулж танин мэдүүлэх хэрэгтэй байдаг ажээ. Хаа нэг газрын огт танихгүй зүйлийн зургийг авчраад үзүүлбэл мянган сайхан өнгөтэй байлаа ч хүүхдэд хүртээлгүй. Гадаадын тийм ч юм нь сайхан гээд бид дуурайдаг. Кинон дээрээс ч гэсэн аав, ээж нь унтахынх нь өмнө ном уншиж өгч байгаа нь харагддаг. Хамтдаа номоо уншиж, энэ юу вэ гэж асуугаад хүүхэд нь хариулаад л... Атаархмаар ч юм шиг дүр зураг. Мөнгө төгрөг зарлагадах биш үүнийг амьдралдаа хэвшүүлчихэж болмоор л санагдаад байгаа юм. Хэлд ороогүй хүүхэдтэй “Энэ юу вэ?” гэж яривал хүмүүс мангар юм уу гэж бодож магадгүй л дээ. Гэхдээ нэг л өдөр хүү чинь “Бөмбөг” гээд л хариулна даа.
Удахгүй хүүхдийн баяр болох нь ээ. Шинэ жил, хүүхдийн баяр, төрсөн өдрөөр нь хүүхэддээ юу өгдөгөө бодож үзлээ. Чихэр, шоколад, ундаа, чипс, тоглоом гээд гарын тавхан хуруунд багтахаар зүйл хамгийн түрүүнд толгойд орж ирж байна. Аав, ээж, эмээ, өвөө, албан байгууллагаас хүүхдүүдэд бэлэг сонгохдоо амттан голдуу өгдөг. Баярынх нь өдөр юм чинь ханатлаа идэг гээд л... Юу нь буруу байхав. Хүүхэд л юм болсон хойно амттай шимттэй юм өгөлгүй яахав. Чихэр, шоколад огт битгий амсуул гэж хэлж байгаа юм биш л дээ. Телевизээр хүүхдийн баярын бэлэгний рекламууд цуварч байна. Баярыг баяр гэдэг утгаар нь тэмдэглэж чадахаа больж дээ бид. Ямар нэгэн бизнесийн байгууллагын албан шахалтаар, тэдний толгой эргэм сайхан үгтэй, нүд эрээлжлэм гоё дүрстэй рекламанд хууртан тэрийг л хүүхэддээ аваад өгчихье гэж боддог. Үнэн хэрэгтээ хүүхэд юунд баярладаг юм бол? Нэг танил маань хүүхэддээ үлгэр ярьж өгч л дээ. Дөрвөн настай хүү нь өгүүлбэр дуусах тоолонд шахам “Өө тиймүү” гээд байж. Үлгэрээ нэг их сайн ойлгож өгөхгүй байгаа ч гэсэн аавтайгаа зэрэгцэж суугаад үлгэр яриулах сайхан байгаа нь илт харагдаж байсан тухай ярьж өгсөн юм. Хүн болгон хүүхэд байсан. Харин хүүхэд байхдаа юуг хамгийн их хүсдэг байснаа мартчихдаг. Хүүхдийн тухай бичих болоод дунд сургуульд бичиж байсан тэмдэглэлээ эргэж харлаа. Зах зээл дөнгөж эхэлж байсан болохоор аав ээж маань ганзгын наймаанд явдаг байсан үе. “Миний гэр бүл” гэж гарчиглаад “Аав ээж, эгч дүүтэйгээ нэг өдөр гол дээр очихсон. Аав бидэнтэй тоглоод л... Ээж гоё хоол хийгээд л...” гэж бичсэн байх юм. Эргээд уншихад гэнэн юм шиг хэрнээ хүүхэд чихэр боовноос илүү өөрт нь зориулах цаг завыг л горьддог гэдгийг хэлээд байгаа юм шиг санагдлаа.
Монгол хүүхдийн бага нас болохгүйн “хүлээсэнд” өнгөрдөг
Миний хүү хичээлээ сайн хийчих тэгвэл чихрээр шагнана шүү. Энэ үг бараг орой болгон, айл бүрт өрнөдөг яриа. Ингэж хүмүүжсэн хүүхэд хэн болох бол? Хүүхдийн хүмүүжлийн талаар МУБИС-ын Багшийн сургуулийн профессор багш, хүүхдийн зохиол судлаач, шүүмжлэгч Д.Хүүтэй ярилцлаа.
- Үр хүүхэддээ хайргүй хүн гэж байхгүй. Гэхдээ бид хүүхэддээ хэрхэн ханддаг юм бол энэ талаар ярилцъя. Үнэхээр зөв хүмүүжүүлж чадаж байна уу?
- Хүүхдийн хүмүүжил гэдэг маш чухал. Бид хүүхдээ хүмүүжүүлдэг маш арвин баялаг туршлагатай. Дэлхий нийтээрээ хүүхдийг ярьж ойлгож, тэдний найз нөхөр нь байж хүмүүжүүлэх хандлага давамгайлдаг. Харин бид өнөөдөр хүүхэддээ чихэр атгаж өгдөг хүмүүжлийн хэлбэрээсээ салж чадахгүй байна. хайртай гэдгээ харуулах хамгийн чухал үзүүлэлт нь эрээн цаастай чихрийг атга атгаар нь өгөх. Чихрийг хамгийн муу зүйлээр хийдэг. Сайхан амттай ч гэсэн цаанаа тэр чигээрээ хор, тэр чигээрээ үйлдвэрлэлийн гологдол. Яг үүнтэй адил манай оронд хүүхдэд зориулсан бүх зүйл гологдол маягаар явж байна. Хүүхдэд даавууны өөдсөөр хувцас хийнэ, тоглох уулзах газар нь байрны подваль, орц. Сайн гэгддэг, алдар нэртэй уран бүтээлчид хүүхдийн уран бүтээл хийдэггүй. Хүүхэд зүгээр нэг чирэгдмэл, дагуул зүйл болчихсон. Ээж аавыгаа дагаад дэлгүүрт орлоо гэхэд таалагдсан зүйлээ авах эрх хүүхдэд байдаггүй. Хүүхдэд хичнээн таалагдлаа ч эх эцэгт нь л таалагдахгүй бол хэзээ ч авч өгөхгүй. Авна гээд зүтгэчихвэл “Дараа чамайг дагуулж явахгүй. Чи дандаа буруу юм авах гэлээ” гээд шийтгэдэг. Ингэхээр нөгөө хүүхдийн хүсэл мөрөөдөл, тэмүүлсэн зүйлээсээ ухардаг, няцдаг хүн болгон хүмүүжүүлдэг. Ийм л хөшигний цаана хүүхдүүдийн маань амьдрал явж байна шүү дээ.
- Хамгийн гол нь ярьж ойлголцох, түүнтэй найз шиг нь байх ёстой гэж бид ярьдаг. Харин амьдрал дээр аав ээж нь сургадаг, үглэдэг, загнадаг, үзэл бодлоо тулгадаг. Түүнээс биш хүүхдийнхээ яриаг сонсдог хүн байдаггүй гэхэд хилсдэхгүй болов уу...
- Эх эцгийн хүүхэдтэйгээ ярих яриа гэдэг бол маш өөр. Бага насны хүүхэдтэй дэгсдүүлж хөгжүүлж ярина. Гурван нас хүртлээ хүүхэд буруу зүйл хийдэг, худлаа ярьдаг. Тэгэхээр нь “Буруу юм хийлээ, болохгүй, сахилгагүй” гэж загнадаг. Монгол хүүхдийн бага нас дандаа болохгүй гэдэг үгийн хүлээсэнд өнгөрдөг. Байнга загнуулна, тун болохгүй бол алгадуулдаг. Тэрнийгээ бид таван салаа боов гэдэг гоё нэр өгчихсөн. Хайр нь дотроо хал нь гаднаа гэдэг ч гэсэн нэг алгадахаараа унатал нь алгадчихаж болохгүй шүү дээ. Ингэхээр тэр хүүхэд чинь яаж өсч өөдлөх юм бэ? Нас насных нь онцлогоор хүүхэдтэйгээ харьцаж, арав таван үг сольж байх л хэрэгтэй.
- Нүүдэлчид хүүхдээ үглэж загнаад байхгүй өөрийнхөө биеэр үлгэрлээд хүмүүжүүлчихдэг. Харин суурин иргэншилд дасч ядаж байгаа бид дөрвөн ханатай байшин дунд хүүхдээ яаж хүмүүжүүлэхээ мэдэхээ больчихсон юм шиг санагддаг.
- Нүүдэлчин ахуй бол шалгарлын орчин. Малчид хүүхдээ дагуулж яваад, морин дээрээ сундаллаад өөрийнхөө биеэр бүхнийг заадаг. Үглээд яншаад байх шаардлага байхгүй. Хотод, суурин амьдралд үр хүүхдээ хэрхэн хүн болгох вэ гэдэг арга ухаанаа олохгүй яваад байна. Ч.Лхамсүрэн гуайн “Маамуу нааш ир” гээд дууг мэдэхгүй хүн байхгүй. Агуулгыг нь бодоод үзье л дээ. “Маамуу нааш ир манайд хоёулаа очъё. Аав ээж хоёрын авчирсан тоглоом бий шүү. Морь унаж давхия машин барьж явъя...” гээд үргэлжилдэг. Аав ээж нь ажилдаа явчихаад цоожтой хаалганы цаана хүүхэд яаж ганцаардаж байгааг л харуулсан шүлэг. Маамуу нааш ир надад бүх юм байна гэсэн агуулга эндээс харагддаг. Миний хүү байж байгаарай гэж хэлээд ээж аав нь хаяад явчихсан тийм хүүхдийн сэтгэхүйгээр энэ дуу бүтсэн. Тиймдээ ч өдий болтол хүмүүс дуулаад л байна шүү дээ.
- Энэ дууны үгээс үүдээд ярихад өнөөдөр хүүхдийн уран бүтээл хаягдаж гээгдэж байна. одоо байгаа орчин нөхцлөө мэдрэхгүй, одоогийн хүүхдүүдийн сэтгэхүйг ойлгохгүй байгаа юм шиг...
- Ямар ч уран бүтээл хэрэглэгчийнхээ хүсэл сонирхлыг илэрхийлж байдаг. Хүүхдийн уран бүтээлээр тэр хүүхэд, хүүхдэд тохиолдож байгаа бэрхшээл, баяр жаргал, нулимс, инээд нь харагдаж байх ёстой. Сүүлийн үеийн уран бүтээлүүд нэг бол номлолын шинжтэй, эсвэл үгээр наадаж, үгийн хууралт яваад байна. Хувь хүнийх нь үүднээс үл тоомсорлож, хүчээр өөр үзэл бодлыг тулгах, бичсэн зүйлээрээ тэднийг хүчээр залах гээд байдаг бочихож. Хүүхдэд зориулсан бүтээлүүд хүүхдийн үгээр бичигдэхгүй байна. Жаахан хүүхэд аавынхаа малгайг, өвөөгийнхөө гутлыг өмсчихөөр ямар харагддаг билээ дээ. Одоогийн хүүхдийн гэгдэх уран бүтээлүүд ийм л харагдахаар хэмжээнд явж байна. Содномдорж гуайн “Жигмэд Тогмид хоёр” дуунд том савтай л хоцрох юм шиг амьдралын тогтсон загвар хэлбэрийг тэр хүн бүтээлээр том савтай Тогмид түүсээр байгаад түрүүллээ, жижиг савтай Жигмид идсээр байгаад хоцорч байгааг харуулж өгсөн байдаг. Энэ их жижиг санаа. Тэгсэн хэрнээ хүүхдэд асар том зүйлийг ойлгуулж чаддаг.
Социализмын үед Америкийн дуучин Дин Рид манай оронд иржээ. Тэгээд “Монголд хамгийн жаргалтай хүмүүс нь хүүхдүүд л байна хэмээн шүүрс алдсан гэдэг. Тухайн үедээ бид өөрсдийнхөө аз жаргалтай ирээдүйгээр бахархан, алсын Америкийн өлсгөлөн хүүхдүүд гудамжинд гуйлга гуйн, хог ухаж, хонгил траншейгаар золбин нохой шиг тэнэн, сонин зарж, машин тэрэг угаагаад олсон мөнгөөрөө зүсэм талх олдог тухай өглөөний сонин уншлага дээр ухуулагч нөхөр яриад л... Уяхан сэтгэлтэй ээжүүд сэмхэн нулимсаа арчаад л... Энэ манай ажлын нэг ахын дурсамж. Гэтэл өнөөдөр хүүхэд гуйлга гуйх, гутал тослох нь байдаг л зүйл болж, өглөө гэрийн гаднах траншейнаас хүүхдийн толгой шовс хийхэд огтхон ч цочихоо больжээ. Зах зээл, шилжилтийн үе гээд бараг хорин жил бид хүүхдийн тухай ярьсан. Харин юу хийсэн юм бол? За бүр болъё. Гудамжинд байгаа тэнэмэл хүүхдийн асуудлыг өнөөдөр бид бичээд өөрчилж чадахгүй биз. Харин хүүхдээ хүн гэж хардаггүй, миний өмч ойлгодог тэр байдлаасаа салмаар байна. Захын айлд яваад ороход “Манай хүүхэд тэгж дуулдаг, бүжиглэдэг, тийм авъяастай” гээд л гайхуулна. Рекламдах маягаар. Өөрөөр тэгтлээ анхаарал тавьдаг билүү? Хүүхэд бидний ирээдүй л гээд байдаг. Тэгсэн хэрнээ “Завгүй” гэдэг ганцхан үгээр хамт байх цагаа хумсалдаг. Чиний асуудал юу ч биш. Илүү чухал зүйл байна гэж цаагуураа хэлээд байгаа хэрэг шүү дээ.
Нэг найз маань эхнэр хүүхэдтэйгээ АНУ-д амьдрахаар очоод удаагүй байжээ. Хүү нь өдөржингөө шахам ганцаараа тоглоомын талбай дээр наадсан юм байх. Оройхон тийшээ хөрш байшингийнх нь настайвтар эмэгтэй хүүг хөтлөөд ороод ирж. “Та нар яагаад хүүхдээ хараа хяналтгүй орхиод байгаа танхай хүмүүс вэ? Дахиж ингэвэл цагдаа дуудна шүү” гэжээ. Тэр явдлаас хойш нэг их удалгүй мань нөхөр том хүүгээ гадуур тэнэлээ гээд нудраад автал дэргэд нь байсан америк эр матаад хэд хоног баривчлуулчихсан гэсэн. Гадны хамаг юм сайхан гэж байгаа юм биш л дээ. Бүгдийг нь дуурай, ийм байвал гоё гэж ухуулаад байгаа ч юм биш. Хамгийн гол нь тэд хүүхдийг харагдах байдлаас нь жижиг хүн, хүүхэд гэж ялгаж харьцахгүй жинхэнэ хүн гэж хүлээж авдаг. Үгийг нь сонсож, хүндэлдэг. Бидэнд харин энэ чанар дутаад байна уу даа.
Хүүхдээ хараад гэртээ суучих юм “ичиг ичиг”
Эмэгтэйчүүд нийгэмд манлайлж байна. Ажлаа ч хийгээд үр хүүхдээ ч хүмүүжүүлээд гээд их бахархдаг. Энэ солонгос, япон эмэгтэйчүүд гэрээсээ ч гарахгүй, хормойгоо чирээд хүүхэдтэйгээ зууралдаад байх юм гэж бид ярьдаг. Үнэн хэрэгтээ бид зэрэгцүүлээд байгаа зүйл байхгүй л дээ. Өглөө нь цэцэрлэг сургуулийн багшид даатгаад “хаячихдаг”. Хүүхэд зөнгөөрөө л хүн болдог гэдэгт бүгд итгэдэг. Тэдэнд хоол, хувцас байхад л хангалттай. Үүгээр нь л дутаахгүй бол эцэг, эхийнхээ үүргийг гүйцэтгэчихэж байгаа нь тэр гэж боддог. Харин ч солонгос, японы тэр уламжлал ухаалаг алхам. Магадгүй өнөөдөр бидэнд хүүхдээ хараад байж байх, тэгээд гэр орон нь дутагдах, гачигдах юмгүй яваад байх боломж бололцоо ховор. Боломжийн амьдралтай айлын хүүхдүүд хувийн, өндөр төлбөртэй цэцэрлэг, сургуульд суралцаж,өмссөн хувцас, барьсан утсаа нэгэндээ гайхуулан, аавын машин тийм, ээжийн шуба тийм үнэтэй гэлцэж байна. Хөрөнгө мөнгө, материаллаг зүйлсээр дамжуулан бие биедээ “томроод” л... “Хүүхэд гэр бүлийн толь гэдэг. Аав ээж нь гэртээ хэн нэгнийг муулаад л, өмссөн зүүснээр нь дүгнээд, чи тэдний хүүхдээс юугаараа дутуу юм бэ гэхчилэн загнаад байхаар хүүхэд аяндаа атаархуу болж өсдөг юм шүү дээ” гэж учир мэдэх хүн хэлж байв. Манай сэтгүүлийн 65-р дугаарын зочноор уригдсан гэр бүл судлаач П.Буяндэлгэр “Асуудалтай хүүхдийн цаана асуудалтай аав, ээж байдаг. Ээж, аавууд нь эцэг эхээсээ суралцаагүй учраас хүүхэдтэйгээ яаж харьцахаа мэддэггүй. Хүүхэд багадаа хайрыг мэдрэхгүй өсвөл том болсон хойноо, хэн нэгнийг хайрлаж чадахгүй. Хүн хоолны газраар дайраад гарах юм бол хоол үнэртэнэ. Мужааны цехээр орвол мод үнэртдэг. Үүнтэй адил хайраар дүүрэн гэр бүлд өссөн хүүхэд насанд хүрээд гэр бүл зохиохоороо хайраар дутаахгүйг хичээдэг” гэж ярьж байсныг ч санаж байна.
Охин маань ирэх намар сургуульд орно. Одоо бэлтгэлд сууж байгаа ухаантай. Багш нь “Танай хүүхэд үсгээ мэддэг юм байна. Одоо нэгдүгээр ангийнхантай хамт шалгалт өгүүлээд шууд хоёрдугаар ангид оруулчих” гэж байна. Тэгээд хүмүүсээс зөвлөгөө авлаа. Ихэнх нь “Хугацаа хожино”, “Яахав оруулаад үз, болохгүй бол нэгдүгээр ангид нь суулгачих” гэж зөвлөж байна. Өөрөө яахаа сайн мэдэхгүй болохоор энэ талаар зөвлөгөө өгч чадна гэсэн хүнээсээ асуулаа. “Хүүхэд чинь сайн байж болно. Онц сурч болно. Хамгийн гол нь хүн болж төлөвших нь л чухал. Манай боловсролын тогтолцоо хүүхдийг тийм зүйлд сургаж чаддаггүй. Цэцэрлэгээс сургуульд орно гэдэг маш том өөрчлөлт. Алгасуулахад бие бялдрынхаа хувьд өөрчлөлт гарахгүй ч бүтэн жил сургуульд сураад тэр орчиндоо дасчихсан хүүхдүүдийн дунд орох хүүхдийнхээ талаас хэцүү” гэж зөвлөж байна. Нээрээ бодоод байсан чинь манай боловсролын тогтолцоо хэн 90-с дээш оноо авах вэ, хэн нь багшийн заасныг цээжилж, тоог заасных нь дагуу бодож байна вэ гэдгээр үнэлдэг. Багшийн хийснийг дуурайж чадах юм бол гэсэн сармагчин байдлыг үнэлдэг. Багшийн заасан хичээлийг баяжуулаад, магадгүй үгүйсгэх хэмжээний юм мэдэж байсан ч багшийн зааснаас өөрөөр л хийвэл муу авна. Дэлхийн суут зохион бүтээгч Томас Эдисоныг “Юм сурах чадваргүй, оюуны хомсдолтой” гэж тухайн үедээ дүгнэж байсан гэдэг. Аав, ээж нь түүнийг сэтгэцийн эмнэлэгт үзүүлж байсан тухай түүх бий. Гэтэл түүний буянаар хүн төрөлхтөн лаанаасаа салж, гэрэл гэгээтэй золгосон шүү дээ.
Г.Батсүх: Мөнгө л өгчихвөл бүх зүйл болох юм шиг битгий бодоорой
Би нэг дүүтэй. Манайх боломжийн амьдралтай. Аав ээж хоёр ажил гээд гэрийн бараа харахгүй. Өсвөр насны бид хоёр болох болохгүй зүйлд их орооцолдоно. Дүү маань угийн хөнгөн, хөдөлгөөнтэй хүүхэд. Нэг удаа дүү маань тамхи татаж байгаад эмээд баригдсан юм. Тэрнээс хойш эмээ “Миний муу хүү хүнээс тамхины мөнгө битгий гуйгаарай” гээд арав таван цаас илүүчилдэг боллоо. Угаас аав ээжийн өгсөн халаасны мөнгө бидэнд хангалттай хүрдэг л дээ. Харин дүү маань эмээгээс, ээжээс авсан мөнгөөрөө найзуудтайгаа нийлээд архи уучихсан орж ирсэн. Тэр үед манай гэрийнхэн “Чамд юу дутлаа гэж хар ус гударч байгаа юм бэ? Чамайг гэдэс цатгалан, мөр бүтэн явуулах гэж бид хоёр морь нохой шиг зүтгэж байна. Хүссэн хувцас, үнэтэй утас, авъя гэсэн бүхнийг чинь авч өглөө. Болоо юм биш үү? ” гээд л үглэж гарсан даа. Дүү маань “Та нар битгий худлаа ярь. Миний төлөө ажил хийдэг гэсэн үү? Мэдэхгүй л юм байна. Хүний хүүхдүүд аав ээжтэйгээ хамт тоглож байхад би та нарын өгсөн мөнгөөр хамт тоглох хүүхэд царайчилж чихэр боов авдаг байсан. Одоо ч гэсэн та нар чамд мөнгө өглөө юу ч хийсэн хамаагүй гэж байгаа юм шиг ханддаг биз дээ” гээд уйлж гарсан. Би дүүгээ ойлгож байсан. Мэдээ орох цагаасаа эхлээд аавтайгаа тоглож, ээжээрээ үлгэр уншуулж үзээгүй шахам бид хоёр ангийнхаа хүүхдүүдийг чихэр шоколадаар “найрч” гэртээ авчираад тоглодог байсан юм чинь...
Би сайн аав, сайн ээж ...
Бид өөрсдийгөө сайн аав, ээжүүд гэж боддог. Гэхдээ хүүхдүүд биднийг юу гэж дүгнэдэг бол? Жаахан байхдаа аав ээжийнхээ тухай юу гэж боддог байснаа найз маань ярьж байсныг санаж байна. Эрэгтэй хүүхдийг чангахан гараар барихгүй бол болохгүй гэсэн ойлголт бидэнд байдаг. Буланд зогсоогоод, болохгүй бол алганы амт үзүүлээд л... Найз маань “Хүүгээ л өөр шигээ болгочихгүй юмсан” гэж дандаа ярина. Яагаад ингэж байдаг юм бэ гэхээр “Намайг нэгдүгээр ангид байхад аав маань манай энэ төрөлхийн болхи, бүдүүн бараг хүүхэд. Яаж ийж байгаад жолооч болгочихвол барав. Дээд боловсрол эзэмшинэ гэж худлаа гээд л ээжтэй ярьж байж билээ. Тэрнээс хойш би өөрийгөө жолооч болох л хэмжээний хүн гэж боддог болсон. Хичээл номондоо ч нэг их анхаарахгүй. Ганцхан үгээр миний ирээдүйн амьдралыг, итгэлийг маань үгүй хийсэн шиг санагддаг” гэж хариулж байсансан. Одоо найз маань хүүхдээ байнга магтана. Хэзээ ч бусдын хүүхэдтэй харьцуулахгүй. Урам өгөөд байхаар хүү маань өөртөө итгэлтэй болж, амжилтанд хүрэхийн үнэ цэнийг мэдэрдэг болсон. Онц сурахдаа гол нь биш. Өчигдөр ямар байв өнөөдөр ямар болов багахан ч гэсэн ахиц бүрийг нь эхнэр бид хоёр сайшаадаг хэмээн инээж байв. тэгээд бас Ярианыхаа далимд сахилга баттай бай гээд зодож, буруу зүйл хийснийх нь төлөө шийтгэж болохгүй. Жаахан хүүхэд аяга хагалчихлаа гэхэд бид “Яаж байгаа юм бэ? Алив хэн аяга хагалчихав. Бай бай” гээд тоглоомоор ч хамаагүй гаран дээр нь тоншиж л байдаг. Болохгүй юм хийснийх нь төлөө шийтгэж болно гэхдээ “Сахилга бат гээчид нэг грамм шагналын үг нэг килограмм шийтгэлээс илүү үр нөлөөтэй” гэж байв.
М.Гэрэлтуяа


Цааш унших...

Сүүлчийн жил...

Саяхан Ренди Пауш гэдэг хүний тухай уншлаа. Компьютерийн инженер мэргэжилтэй, 47 настай энэ хүн амьд явах хугацаа нь хэдхэн хоногоор хэмжигдэж байхад сүүлчийн лекцээ уншиж байж. Өөрийнхөө амьдрал, баяр баясгалан, сайн сайхан зүйлийн тухай ярьж, цугларсан олны өмнө гар дээрээ суниан “Би дөнгөж төрсөн юм шиг эрч хүчтэй” байна гэж хэлж байсан гэдэг. Түүний уншсан нэг цагийн лекц олон мянган америкчуудад үхэл тийм аймаар зүйл биш гэсэн бодлыг төрүүлж, бүтэн цагийн турш алга ташилт дунд өнжсөн ажээ. Залуу харагдах гэж, урт наслах гэж хүн төрлөхтөн дасгал, хоолны дэглэм, бясалгал, гоо сайхны бүтээгдэхүүн хичнээнийг ч үйлдвэрлэв. Гэсэн ч үхлээс зугатаах аргагүй. Хөгшрөлтийг зогсоох гэж хүмүүс хичээж, шинэ эм бэлдмэл, генетикийн нээлтүүдийг хийж байгаа ч цаг зуурын, эсвэл жам ёсны үхэл байсаар л байгаа. Үхлийн тухай яриа монголчууд бидний хувьд дэндүү амны билэггүй, муу ёрын зүйл мэт боловч амьдралд тохиох гарцаагүй зүйл. ТАНД АМЬД ЯВАХ ГАНЦХАН ЖИЛИЙН ХУГАЦАА БАЙНА ГЭВЭЛ хамгийн түрүүнд юу хийх вэ? гэсэн асуултыг олон хүнд тавьж хариу хайлаа. Хамгийн түрүүнд уулзсан хүн маань эдгэшгүй өвчин тусч, өдөр хоногоо хүлээж байгаа ч сэтгэлээр унаж, уйлж унжилгүй цаг хугацааны үнэ цэнийн талаар ярьж байлаа.

А.Алтансүх/43 настай/: Үхлээс айхаа больсон хүнийх
шиг жаргалтай амьдрал байдаггүй
Одоогоос жил гаруйн өмнө элэгний хорт хавдартай гэдгээ мэдсэн. Тухайн үед эмч нар намайг хэдхэн сарын настай гэж хэлж байлаа. Тэр өдрөөс хойш би цаг хугацааны үнэ цэнийг сэтгэл зүрхээрээ мэдэрч жижиг гэлтгүй бүхий л ажлыг хойш тавихаа больсон. Ирээдүйн тухай хэт их хөөрөлд автан бодож, дараа л үүнийг амжуулна даа гэж өөрийгөө хуурахгүйгээр өнөөдөртөө сэтгэл хангалуун байхыг хичээх болсон. Хэн ч өөрийгөө удахгүй үхнэ гэж төсөөлж чаддаггүй. Тиймдээ маргааш иднэ гэж хоолоо хойш нь тавьж хонодог байх. Гэсэн ч үхэл гэдэг гарцаагүй тохиолдох зүйл. Тэгээд хэзээ ч ирж болно. Тийм болохоор өнөөдөр чадах бүхнээ хийх нь зөв гэж бодоод юмыг дутуу хагас орхихгүй юмсан гэж боддог болсон. “Чи мөдхөн үхнэ” гэсэн үг миний амьдралыг илүү утга учиртай болгосон ч байж магад. Үхлээс айхаа больсон хүнийх шиг сайхан амьдрал байхгүй гэсэн нэгэн ухаантны үг байдаг юм билээ.
А.Алтансүх онош нь тодорхой болж, хэзээ мөдгүй үхнэ гэдгээ мэдсэнийхээ дараа зарим нэг буруу зөрүү хийсэн зүйлийнхээ төлөө уучлал гуйхаар найз нөхөд, хамаатан саднууд руугаа утсаар ярьсан гэнэ. Хүмүүст чин сэтгэлээсээ “Уучлаарай” гэж хэлэхэд сэтгэл нэг л сайхан хөнгөрөөд ирсэн шүү хэмээн тэрээр ярьж байлаа. Зовох цагт нөхрийн чанар танигдана гэж бид ярьдаг. Их зантай, хямсгар, хэрийн юман дээр хөдөлдөггүй нэг залуу хамт ажилладаг байж л дээ. Намайг ийм байхад хамгийн түрүүнд ирнэ дээ гэж итгэж найдсан найзуудаас нь урьтаж өөрийнх нь үзэж чаддаггүй байсан тэр залуу ирсэн байна. Ажлынхаа залууг их зантай, тэнэг гэж тодорхойлж байсан ч хүний мөн чанар энэ үед илүү их танигддаг ажээ. Эрүүл саруул ажлаа хийгээд явж байгаа хүнээс “Танд амьд явах ганцхан жилийн хугацаа байна гэвэл...” гэж асуух, ямар нэгэн байдлаар үхэлтэй тулж, амьд явах хугацаа асар богино байгааг өөрийнхөө биеэр мэдэрсэн хүнээс асуух хоёр газар тэнгэр шиг зөрөөтэй. Гэхдээ яг адилхан өвчтэй, амьдрах хугацаа нь адилхан хэрнээ өөр бодолтой явдаг нэгэн эмэгтэйтэй уулзлаа. Тэдний амьдралд, хүмүүст, өөртөө хандах хандлага эрс өөр байв. Амьдралын боломж бололцоо, эзэмшсэн мэдлэг боловсролоосоо хамаараад хүмүүс “Ганцхан жил” гэсэн хугацааг, амьд явах бололцоог өөр өөрөөр хардаг бололтой.
Ө.Саруултуяа/45 настай/: Үхэл дайсан биш анд нөхөр маань болсон
Уушгины гялтангийн хавдартай гэдгээ мэдсэнээсээ хойш ар гэрийнхнээ зовоохгүй үхэхсэн л гэж бодох болсон. Нөхөр, хүү хоёр маань эрвийх дэрвийхээрээ ажиллаж олсон мөнгөөрөө эм тариа дөхүүлж байгаа ч хүний гар харж суухыг үнэхээр хүсэхгүй байна. Надад зарцуулж байгаа мөнгөөрөө амьдралаа өөд нь татаж болно шүү дээ гэж бодохоор л хурдан үхэхсэн гэж бодох юм. “Эмчилгээгүй, их л удахад жил амьдарна” гэж эмчийг хэлэхэд хорвоо орвонгоороо эргэх шиг санагдаж, яаж ийж байгаад амьдрахсан гэж хүсч байлаа. Тэр үед үхэл, өвчин дайсан минь байсан. Харин одоо тэр миний анд нөхөр болсон. Хүүдээ ч энэ талаар хэлж, айх хэрэггүй гэдгийг тайлбарладаг. Одоо ингээд бодож байхад залуу, эрүүл саруул байхдаа хийж болох өчнөөн зүйлийг тоохгүй хаяж байжээ. Харамсаж байна. Сүүлчийн хүслийг тань биелүүлье гэвэл нөхөр, хүү хоёртойгоо монгол орныхоо байгалийн үзэсгэлэнт газруудаар явж, дуртай хоолыг нь гараа гарган хийж өгмөөр байна. Орох орон, унах унаатай болъё гэж өдөр шөнөгүй зүтгэсэн ч энэ бүхэн хий хоосон зүйл мэт санагдах юм. Хүүгээ хар нялхаар нь зөнд нь хаяж юуны төлөө явсан юм бэ? Эцсийн эцэст найз нөхөр, гэр бүлгүйгээр бид юу ч хийж чадахгүй гэдгийг маш сайн ойлгож байна.
Үүнийг л хийчихсэн бол, тэрийг амжуулчихсан бол гэхгүйгээр явж чадвал тэр хүний амьдрал талаар өнгөрөөгүй гэж ойлгож болмоор. Гэхдээ хүн ямар нэгэн юманд сэтгэл ханаж, сэтгэл амар сууж чаддаггүй. Унаж байгаа машин нь бусдын нүдээр сайхан байлаа ч өөрийнх нь хувьд өөр машин сонирхлыг нь татаж, түүнийг л авахсан гэж шунаж байдаг. Бид бараг хэрэггүй шахам зүйлд хамаг цаг хугацаа, нөөц бололцоогоо шавхдаг. Сүүлийн үеийн загварын гар утас, спорт загварын машин гээд л... Юу эдэлж хэрэглэх нь нэг их сонин биш. Зөвхөн өнөөдөртөө, эсвэл жилийн дараа үхэхдээ сэтгэл хангалуун байна гэдэг сэтгэл санааны маш нарийн асуудал. Хаммер жип унаж, хаусны түлхүүр халаасалсан ч сэтгэл санааны хувьд хангалуун амьдарч чадаагүй бол үхэхийн цагт амьдрал утгагүй санагдах ч юм шиг.
Уулзаж ярилцсан хүмүүсийн дийлэнх нь одооных шигээ амьдармааргүй байна, хаа нэг тийшээ явж үлдсэн ганц жилийнхээ амьдралыг өнгөрөөнө дөө гэж ярьж байлаа. Ганцхан жил амьдраад үхэх бол гэсэн энэ сэдэв явсаар өөр нэг зүйлийг бодоход хүргэлээ. Өнгөрсөн оны аравдугаар сард манай сэтгүүл “Дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу” буюу гадаадад байгаа монголчуудын тухай хавтасны сэдэв бичиж байсан. Тэр үед “Боломж олдвол гадны аль нэг орон руу явах уу?” гэсэн санал асуулгад оролцогсдын 60 орчим хувь нь хаашаа ч хамаагүй явна хэмээн хариулж байсан. Гадаадад тодорхой хугацаанд сурч боловсорч, ажиллаж амьдарч байгаад ирсэн хүмүүс “Эх орондоо очоод л бүгдийг нь биш юм гэхэд өөрийнхөө хэмжээнд өөрчлөлт хийж чадна” гэсэн бодол тээсээр ирдэг. Харь газар ажиллаж, амьдарч, амьдралын хэв маягт нь дассан олон монголчуудын эх нутагтаа ирж, бэтгэрч санасан сэтгэлээ давтээж, хазайж хагасалсан амьдралаа тэгшлэх хүслийг нь “Очоод би энд байгаа шигээ амьдарч чадахгүй шүү дээ” гэх болгоомжлол эргэлзээнд оруулж мухардуулдаг. Хэн ч гэсэн эх орон элгэн садныхаа дэргэд нүд аньж, төрж өссөн нутаг орондоо сэтгэл хангалуун байж байгаад яс тавихыг хүсдэг. Гэтэл амьд явах сүүлчийн ганцхан жилийн амьдралаа өөр соёл иргэншил, өөр нутаг оронд өнгөрөөх хүсэл бидэнд төрж байна шүү дээ. Боломж олдвол талаас илүү нь хаашаа ч хамаагүй явахыг хүсдэг, сүүлчийн ганцхан жилээ таньж мэдэхгүй газар амьдрахыг хүсдэг тийм оронд бид амьдарч байна гээд бодоод үз дээ. Хүн ард нь эх орноосоо өөр тийшээ явахыг хүсдэггүй, өнөөдрийнхөө амьдралаар насан эцэслэтлээ байхыг хүсдэг хүмүүст атаархмаар байгаа биз? Энэ хоёр судалгааны дүнг харахад бид өнөөдрийнхөө амьдралд ямар их сэтгэл дундуур явдаг юм бэ? Өнөөдрийн үмх хоол, маргаашийн өмсөх зүүхээс хэтрэхгүй шахам хэрэглээтэй, гудамжаар явахаар хөмсгөө зангидаж, баргар царайлсан хүмүүс алхам тутам таарч, замын бөглөрөл, ажил хөөцөлдөхөөр авлига, гар харсан нэг тийм сааралдуу амьдрал нэг хэмээр урсаад л... Харин нэлээд хэдэн жил Германд амьдарч байгаад ирсэн танил маань “Германчууд материаллаг зүйлд санаа зовдоггүй. Хүний хэрэглээ бүрэн хангагдсан. Гудамжаар явахад найрсгаар инээмсэглэсэн царай, гудамж нь битүү ногоон ямар сайхан гээч. Үнэхээр атаархмаар. Ингэж амьдарч байгаа хүмүүс сүүлийн ганцхан жилээ эх орон, элгэн садан, энэ л тайван амьдралынхаа дунд үдэхийг хүснэ шүү дээ” гэж ярьсан юм.
Дүүгээсээ ганцхан жил амьдрах бол яах вэ гэж асуухад нэг их хэнэггүй царай гаргаж байгаад “Одоохондоо энэ тухай бодмооргүй байна. 40 жилийн дараа л үхлийн тухай бодох байх” гэж байх юм. Үхэлд бэлтгэж, тэгнэ ингэнэ гэж төлөвлөдөг хүн байхгүй л байх. Гэсэн ч махбодийн үхэл биднээс хамаарахгүй гэнэт ирдэг. Өнөөдөр үхэх юм шиг ажиллаж, хэзээ ч үхэхгүй юм шиг аашил гэсэн үг байдаг юм билээ. Ганцхан жил амьдрах бол гэдэг асуулт нөгөө талаараа амьдралын утга учрын тухай бодуулж байна гэж хамт ажилладаг бүсгүй маань хэлж байсан. Үхээд дуусахгүй, үлдэх мөртэй амьдрах хэрэгтэй тэгвэл санаа амар үхэж чадна гэж тэрээр бас нэмж хэлсэн. Судалгаанд хамрагдагсдын дөрөвний нэг нь “Хүмүүст дурсагдахын тулд сайн үйл хийнэ” гэж хариулсан байх юм. “Агшин хором бүр ахиад хэзээ ч давтагдахгүй хуультай. Үхэх гээд эмнэлгийн орон дээр хэвтэж байхдаа өнгөрөөсөн үр дүнгүй цаг хугацаандаа харамссан. Амьдрал гэдэг төрөх, үхэхийн хоорондох үүлэн чөлөөний наран шүү дээ. Тийм болохоор нарны гэрэлд цэцэг болон дэлгэрч, үр жимсээ үндэслүүлж, ашиг шимээ бусдад түгээн амьдраад буцвал харамсах юмгүй шүү дээ” гэж осолд ороод золоор амьд гарсан нэг найз маань хэлж байсныг санаж байна.
Э.Сумъяа /28 настай/: Мөнхийн ус байлаа ч би уухгүй
- Та ганцхан жил амьдраад үхнэ гэдгээ мэдвэл хамгийн түрүүн юу хийх вэ?
- Хүмүүс хэзээ үхэхээ мэддэг бол илүү ухамсартай амьдрах болов уу гэж би боддог. Ядаж л маргааш гэж ажлаа хойш тавихгүй, үр хүүхэд хань ижил, аав ээжтэйгээ илүү их цагийг өнгөрөөх байхаа. Өглөөнөөс үдэш болтол өнөө маргаашийн хоол унд, өмсөж зүүхийн төлөө явсаар гэр бүлдээ бага цаг зарцуулдаг юм шиг. Би одоо хийж байгаа ажлаа дуусгаад ээжтэйгээ хамт дэлхийг тойрох аялал хийнэ. Ээжтэйгээ хоёулхнаа амьдардаг болохоор ээжийнхээ хүслийг биелүүлчихээд үхвэл амар байх болов уу? Гэхдээ л өөрийгөө үхнэ гэж бодохоос айж байна. Нэлээн дээхнэ интернетээс нэг охины тухай уншиж байсан юм. 24 настай герман бүсгүй хорт хавдраар өвчилж үхлээ хүлээж байсан гэдэг. Долоон удаа хагалгаанд орсон ч эмчилгээ үр дүнгүй болж, “Чин хүсэл” сайн дурын байгууллагынхан сүүлчийн хүсэлтийг нь биелүүлэхээр очиход тэр “Норвегит очиж нохойт чаргаар зугаалмаар байна. Бас далайн эрэг дээр тамхи татаад хэвтэхсэн” гэж хэлсэн байдаг. Ингээд бодохоор яг үхнэ гэдгээ мэдэхээр өдөр тутмын энгийн мэт зүйлсдээ сэтгэл хоргоддог юм шигээ.
- Мөнхийн ус байдаг бол та уух уу?
- Үхэх хэдийгээр аймшигтай ч гэлээ мөнхийн ус олдвол уухгүй ээ. Хамгийн гол нь амьд явах бололцоо хэдий хэр үлдсэнийг мэдээд тэр хугацаагаа ухамсартайгаар, хүсэл мөрөөдлөө биелүүлэхэд зарцуулж чадвал боллоо. Суут сэтгэгч Платон “Хүн мөнхөрвөл тэр амьдрал нь там болно” хэмээн хэлсэн байдаг. Бид амны билгээс ашдын билэг гэж ярьдаг даа. Тиймдээ ч үхлийн тухай ярьдаггүй. Гэрээслэл ч бичдэггүй. Бид одоо талын нүүдэлчин биш суурин иргэншилд дасч ядан байгаа хүмүүс. Хэдэн малаа дагаж, өвсний шимтэйг даган нүүдэллэж явахад гэрээслэл хэрэггүй байсан байж болох л юм. Харин одоо зах зээлийн нийгэмд, өмчийн харилцаа хөгжиж байгаа учраас үлдэж байгаа зүйлсээ хэн нэгэнд орхих хэрэг гарч л таарна. Олон хүүхэдтэй хүн байлаа гэхэд том хүүдээ орон байраа, багад нь эдэлж хэрэглэж байсан зүйлээ, охиндоо хадгаламжинд байгаа мөнгөө гээд нарийн хэлж ярьж, бичиж үлдээхгүй л бол ах дүүгийн тангараг тасарна. Сүүлийн үед тиймэрхүү зүйл их ажиглагдаж байгаа.
Нөгөө талаас бодоод үзье л дээ. Хүн үхдэггүй байсан бол гээд. Энэ асуултанд хариулсан хүмүүсийн дийлэнх нь “Амьдрал ямар ч утгагүй болно”, “Юунд ч тэмүүлэх, хүсч мөрөөдөх хэрэггүй”, “Үүнийг л амжуулчих юмсан гэсэн тэмүүлэл үгүй болно”, “Хүсэл мөрөөдөл, уй гуниггүйгээр амьдрал утгагүй” “Үхэл байхгүй бол төрөх, бий болох гэдэг процес ч байхгүй” гэж хариулж байв. Ямар ч зүйл хар цагаан хоёр талтай гэж бид ярьдаг. Нэг жил амьдрахад арван жил бүтээж чадамгүй зүйлийг ч хийж болох юм. Хүмүүс хэзээ үхэхээ мэддэг бол амьдрал илүү их утга учиртай, зорилготой болох байсан. Өнөөдөр хийх гэж байсан ажлаа зүрх алдан хойш тавьж, дараа л нэг үзээд алдъя гэх эргэлзээ үгүй болно. Тэртээ тэргүй ганцхан жил байгаа юм чинь гэсэн бодол хүмүүст эрч хүч, алдахаас айхгүй байх зориг өгөх байсан ч байж болох л юм.
Шашны номлолд үхлийг юу гэж үзсэн байдаг юм бол? Библийн сударт өгүүлснээр үхлийн дараа амьдрал байдаг гэх бөгөөд тэр амьдрал нь нүдэнд харагдаж, чихэнд сонсогдохгүй, хүний санаанд оромгүй юмс үзэгдлийг мөнхийн эзэн ариун сүнснүүдэд бэлддэг гэж дүрсэлсэн байх юм. Харин буддын шашинд хүн үхснийхээ дараа ямар нэгэн төрлийг олон төрдөг бөгөөд амьд ахуйдаа хийсэн буян нүглийн хэмжээнээс шалтгаалан хүмүүн төрлийг олох уу эсвэл өөр ямар нэгэн амьтан болох уу гэдэг нь хамаардаг тухай сургасан байдаг. Мөн там, диваажин, эрлэг номун хаан гэхчилэн олон ойлголт аль ч шашинд байдаг ажээ. Шүтлэгтэй хүмүүс өөрсдийгөө бурхны цээрлэл хүлээхгүй гэдэгт итгэдэг бол бурхныг үгүйсгэгчид угаасаа байхгүй зүйл хэн нэгнийг цээрлүүлж чадахгүй гэж боддогтоо үхлээс айдаггүй байна. Манайхны бараг бүгдээрээ буддын шашинтай гэх боловч тэдний багахан хэсэг нь гандан хийдэд тогмол очиж ном хуруулдаг, цай сүүнийхээ дээжийг тэнгэр бурханд өргөдөг бол дийлэнх нь ажлаа бүтэхгүй бол, шалгалт шүүлэг дөхөөд ирэхээр ганданд очиж ном уншуулдаг, ламаар засал хийлгэдэг гэж хариулжээ.
Ганцхан жил амьдрах бол... Аймаар юм, төсөөлж чадахгүй нь гэсэн хүн ч олон байна. Бид мөнх амьдардаггүй. Тийм болохоор энэ тухай заавал бодох цаг ирж л таараа. Дундад зууны үед хүн сэтгэл зүйнхээ хувьд урт насалдаг байжээ. Тэдний хувьд хэзээ үхэх нь сонин биш. Хэд хоног, хэдэн сар, жилийн настай байхаас илүү дараагийн амьдрал, диваажингийн гэх төсөөлөл чухал байж. Мухар сүсэг, шүтлэгийнхээ хувьд тэд мөнхийн амьдрал байгаа, хойд нас бий, дахин төрнө гэж итгэдэг байсандаа энэ насныхаа амьдралд идэвхтэй байдаг гэж судлаачид үзжээ. Тэр бүү хэл тухайн үеийн түүхийн сурвалжуудад үхлийг “Ах, дүү, найз нөхөр” хэмээн тодорхойлсон байдаг. Харин өнөөдөр бид ямар нэгэн осол эндэгдэл, гэнэтийн зүйлд өртөхдөө “Яаж ийгээд амьд үлдэхсэн” гэж хүсдэг. Энэ нь эргээд хамгийн их айдсыг дагуулдаг гэж тодорхойлжээ.
Хүн хүн өөрийгөө янз бүрээр тодорхойлдог. Намайг үхвэл хэн ч харамсахгүй дээ гэж бодох нэгэн байхад, би байж гэмээнэ бүгдийг өөрчилж чадна гэх хүн ч бий.
Дэлхий таниар дутна
Одоогоос жил гаруйн өмнө UBS телевизээр “Глобал сео” нэвтрүүлэг та бүхэнд хүрч байсан. Уг нэвтрүүлэгт оролцож байсан Л.Одсүрэн өдгөө монголын топ 20 их дээд сургууль дээр “Дэлхий таниар дутах уу?” лекцээ уншиж байгаа ажээ. Түүнтэй уулзаж ганцхан жил амьд явах бол юу хийж бүтээх талаар нь хэсэг зуур ярилцлаа.
- Ганцхан жил амьдраад үхэх бол юунд харамсах вэ?
- Энэ асуултыг бид өөртөө байнга тавьж амьдрах хэрэгтэй гэж би боддог. Сүүлийн хоёр жил шахам оюутан залуучуудад “Дэлхий таниар дутах уу?” сэдвээр лекц уншъя гэж бэлтгэж байсан юм. Цаг хугацаа нь болж өгөхгүй бүтэн жил хойшлуулаад байсан юм л даа. Тэгээд хагас жилийн өмнө ганцхан жил, эсвэл ганцхан сар амьдрах бол би яах ёстой вэ гэсэн асуултыг өөртөө тавьж энэ лекцээ хүмүүст хүргэчихээд үхнэ дээ гэж бодсон. Миний хувьд нийгэмдээ, залууст хэлэх үг байгаа учраас тэрийгээ ямартаа ч хийх ёстой гэж бодсон. Өнөөдөр үхлээ гэхэд надад харамсаад байх зүйл байхгүй. Нас насандаа, тухайн цаг үедээ хийнэ гэж бодож байгаа зүйлээ хийгээд явж байгаа учраас амар тайван үхэж чадна. Стивен Ковегийн “Үр бүтээлтэй хүний долоон зуршил” номонд ганцхан өдөр, долоохон хоног, нэг сар, нэг жил амьд явах бол юу хийх вэ гэсэн асуултын талаар бичсэн байдаг.
- Нэгхэн жил амьдарвал юу хийхийг хүсч байна?
- Улс орныг өөрчлөх хэмжээний юмыг нэг жилийн дотор хийж чадахгүй байх. Үнэхээр ганцхан жил амьдрах бол өөрийнхөө итгэл үнэмшлээр монголын томоохон компанийг удирдаад үзэхсэн гэж хүсч байна. Тэгээд үр дүнг нь хараад манайд ийм бодол санаагаар юм хийж болох юм байна, ингэх нь зөв гэсэн дүгнэлт хийгээд нийтлэл бичиж лекц уншина.
- Та оюутан залуучуудад “Дэлхий таниар дутах уу?” гэсэн лекц уншиж байгаа гэсэн. Зарим хүмүүс намайг үхэхэд юу ч өөрчлөгдөхгүй гэдэг шүү дээ?
- Үнэхээр дэлхий ганцхан таниар дутах уу үгүй юу гэдэгт л хариу хайж байна. Дэлхийн хүн ам долоон тэрбум хүрэх гэж байна. Өдөрт 250 мянган хүүхэд төрж байна. Нэг хүний үнэ цэнэ юу вэ? “Миний хамгийн үзэн яддаг зүйл статистик тоо баримт” гэж Черчелль хэлсэн байдаг. Үүнтэй би ч санал нийлдэг. Саяхан цасан шуурга болж 110 хүн ор сураггүй боллоо гэдэг мэдээ телевизээр гарч байсан. 110 гэдэг зүгээр л тоо. Тэрний цаана 110 амьдрал, 110 ертөнц, тийм тооны гэр бүл байгаа шүү дээ. Та юмуу би байгаа нь ертөнцөд ямар нөлөөтэй юм бэ? Байхгүй болчихвол яах вэ? байгаа чинь эсвэл үгүй болсон чинь хэн нэгэнд нөлөөлж байвал амьдрал илүү утга учиртай болно. Байсан байгаагүйн ялгаагүй, нөлөөгүй байвал хүн ор нэр төдий амьдарч байгаа хэрэг шүү дээ. Хүнд гай болохгүй, өөрөө нэг үрэгдчихгүйхэн шиг байхын нэр болно. Хариу нь ч дэлхий таниар дутна.
- Амны билгээс ашдын билэг гээд бид үхлийн тухай ярьдаггүй. Ярих ёстой юу үгүй юу?
- Хүн үхэх нь тодорхой. Өдөр болгон хэдэн зуун мянган хүн үхэж байгаа. Хэн хэзээ хаана яаж үхэхээ мэддэггүй. Өглөө би өөрөөсөө өнөө орой үхэх бол юу хийх вэ, би харамсахгүй үхэж чадах уу? гэж өөрөөсөө асуулаа л даа. Хамгийн түрүүн хойш тавьсан ажлууд санаанд орсон. Хэзээ мөдгүй үхнэ гэдгээ мэдвэл хүн ямар нэг зүйл дээр алдахаасаа айхгүй. Үзээд алдъя л гэж бодно.

Амьдралын үнэ цэнэ
Өнөөдөр энэ хорвоо дээр амьдарч байгаа маань хэн нэгний хувьд хэрэгтэй байгаа бол тэр л миний үнэ цэнэ. Бид өнөөдөр хүүхдийнхээ төлөө амьдарч байна, тэднийгээ хүн шиг хүн болгохын төлөө, мэдлэг боловсролтой болгохын төлөө, сургуулийнх нь төлбөрийг олох ёстой гээд багш, сургуульд найдаад зөнд нь хаядаг. Хүүхдээ хүмүүжүүлж байгаа нь энэ гээд үглэж, яншиж, заримдаа уурлаж, алганы амт үзүүлэх нь ч бий. Харин баруунд хүүхдээ хүмүүжүүлье гэвэл цаг зав гарга, чадахгүй бол битгий олон юм ярь гэдэг. Хүүхдээ хүмүүжүүлж байгаа нь энэ гээд чихрээр хуурдаг биднийхээс тэс өөр дүр зураг харагдаж байгаа биз. Хамгийн наад захын энэ байдал бидний амьдралын үнэ цэнийг харуулна. Хэзээ үхэхээ урьдчилан мэддэг бол сайхнаа гэсэн үгийг энэ сэдвийг бичих явцдаа олон хүнээс сонслоо. Харин нэгэн танил маань надад үнэ цэнийн тухай нэгэн өгүүллэгийг уншсан тухайгаа хэлсэн юм. Магадгүй уншигчдад ч энэ түүх хэрэг болох байх гээд та бүхэнд хүргэхээр шийдлээ.
Нэгэн алдартай уран илтгэгч олон хүний өмнө илтгэл тавьж байжээ. Тэрээр халааснаасаа 20 доллар гаргаж ирээд “Үүнийг авах хүн байна уу?” гэж асуухад цугларсан хүмүүс бүгд л гараа өргөв. Илтгэгч “Энэ мөнгийг та нарын хэн нэгэнд өгөх болно. Харин өгөхөөсөө өмнө нэг зүйлийг хийх хэрэгтэй” гэж хэлээд нөгөө доллараа нугалж үрчийлгэн, базаад “Одоо ч гэсэн авахыг хүсч байна уу?” гэхэд хүмүүс гараа өргөсөөр л байв. Гэтэл илтгэгч нөгөө мөнгөө газар шидээд дээрээс нь дэвсэж, бүр шороотой хольж хутгаснаа ахиад нөгөө асуултаа давтав. Гэвч бүх хүн дахиад л гараа өргөж байв. Энэ бүхний эцэст илтгэгч “Энэ мөнгө харагдах байдлаараа ямар байлаа ч та бүгд авахыг хүсч байна. Энэ бол үнэ цэнэ. Би энэ мөнгийг үрчийлгэж, базаж, дэвсэлсэн ч энэ бүхэн түүний үнэ цэнийг алдагдуулахгүй байна шүү дээ. Тэр одоо ч 20 доллар хэвээрээ. Бид амьдралд хэн нэгэнд гомдох, өөрийгөө хэнд ч хэрэггүй гэж бодох, сэтгэлээр унах зэрэг янз бүрийн зүйл тохиолддог ч энэ бүхэнд өөрийнхөө үнэ цэнийг алдах ёсгүй. Амьдралын үнэ цэнэ гэдэг бол бидний юу хийсэн, хэнийг таньдаг зэргээр хэмжигдэхгүй. Харин бидний хэн болохыг тодорхойлдог. Үүнийг хэзээ ч мартаж болохгүй” гэсэн гэдэг.
Алдар хүндтэй тамирчнаас сурвалжлагч асууж гэнэ. “Танд хэн нэгний зөвлөгөө, бодол санаа дутаж байсан үе бий юу?” гэхэд тэрээр “Амжилтын оргилд хүрэхэд тэнд юу ч байхгүй хоосон гэдгийг хэн нэгэн надад хэлсэн ч болоосой” гэж хариулжээ. Бид чухам юунд итгэж найдаж, юуны төлөө амьдарсан юм бэ? Ганцхан жил үлдэхэд харамсах юмгүйгээр үхэж чадвал энэ яваа насаа утга учиртай үнэ цэнэтэй өнгөөрөөжээ хэмээн өөрийгөө үнэлж болох юм шиг. Алдар нэр, хөрөнгө мөнгө, өнгө төрх гээд бүхий л зүйлд хүмүүс өөр өөрийнхөөрөө ханддаг. Алдрын оргилд хүрээд юу ч байхгүй хоосон мэт сэтгэгдэл төрж байхад түүндээ сэтгэл ханаж үхэхэд харамсахгүй гэж хэлэх хүн ч бий.
Нэг жил амьдрах бол юу хийх вэ?
“Ганцхан жил амьдрах хугацаа байна гэвэл та юу хийх вэ” гэсэн санал асуулгыг Германы “Stern” сэтгүүл уншигчдынхаа дунд явуулжээ. Бид ч тодорхой хэмжээний хүмүүсийг хамруулан доорх судалгааг хийлээ. Үр дүнг нь харьцуулахад маш их өөр үр дүн харагдаж байна. Германчууд одоо байгаа амьдралдаа сэтгэл хангалуун байдаг нь “Одоогийнх шигээ амьдарч байгаад үхнэ” гэсэн хариултыг 60 гаруй хувь нь сонгосноор харагдаж байна. Харин бид юуг хамгийн түрүүнд тавьж байна вэ?
Хариулт Монгол Герман
Одоогийнх шигээ амьдарч байгаад үхнэ 28,3
57
Тайван үхнэ /Гэр бүл, найз нөхөдтэйгөө салах ёс хийж/ 24,6
41
Хүссэнээ хийж, дураараа дургина 33,7
36
Тооцоо бодно /гомдоосон нэгнээсээ уучлал гуйж, маргаантай асуудлуудыг шийдвэрлэж, хэн нэгэнд хэлэх гэж бодож хадгалж явснаа хэлнэ. 54,8
30
Хүмүүст дурсагдахын тулд сайн үйл хийнэ 25,4
26
Бусад... 8,6
4
Бидэнд ямар их шийдэгдээгүй асуудал байдаг юм бэ? Манай сэтгүүл дугаар бүрээрээ ямар нэг асуудлыг дэлгэж тавиад ярилцахыг хүсдэг. Харин хүмүүс тэр бүр алгаа тосон угтдаггүй л дээ. Тийм байна, ингэмээр байна гэхээр “Нээрээ тийм шүү. Яг наадахыг чинь хэлэх гээд л...” гэх нь ч олон бий. Ярьж хэлж чадахгүй дотроо бүгдийг хадгалаад явдгаа бид “Манайхан их дотогшоо улс. Хэрийн юман дээр дуугарахгүй” гэж цайруулдаг. “Сүүлчийн жил...” сэдвийн хүрээнд явуулсан судалгаанд оролцогсод “Гомдоосон хүмүүсээсээ уучлал гуйна”, “Дургүй хүргэсэн нэгнээсээ өс авна”, “Маргаантай асуудлыг шийдвэрлэнэ” гэхчилэн олон хариулт өгч байлаа. Энэ бүгдийг нэгтгээд үзэхээр бид хоорондоо ярьж, ойлголцож, асуудлыг шийдвэрлэж чаддаггүй гэдгийг харуулж байгаа юм биш үү? Үнэхээр та ганцхан жил амьдраад үхэх бол юу хийх вэ? бодоод үзээрэй.
М.Гэрэлтуяа


Цааш унших...